ГОВЬ-АЛТАЙ: "Ахмадын зөвлөх үйлчилгээ"-нд хамрагдсан хүүхдүүд мэдсэн сурсанаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-06 11:27:33

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан "Ахмадын зөвлөх үйлчилгээ" төсөл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд мэдсэн сурсанаа тайлагнав.


Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь ахмад мэргэжилтэн, зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэднийг хөгжүүлэх зорилгоор жил бүр “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г зохион байгуулдаг билээ. 2023 онд 23 ахмад 268 хүүхдэд боловсрол, соёл, урлаг, спортын 12 чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлснээс Есөнбулаг суманд 112 хүүхэд шатар, сэтгэх чадвар, яруу найраг, уран зураг, бүжиг, дуу, хөгжим, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал чиглэлээр хамрагдсан байна.


Сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүд эцэг эх, үе тэнгийн найзуудадаа урлагийн тоглолт болон хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэж сурсан мэдсэнээ тайлагналаа.


Ахмадын зөвлөх үйлчилгээг зохион байгуулахад Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Говь-Алтай салбар морин хуур, ёочин, ятга, даралтат хөгжим, гитар, уран зургийн мольберт зэрэг нийт 11,6 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийг нийлүүлж дэмжлэг үзүүлжээ.

Связанные новости