ӨВӨРХАНГАЙ: Т.Нарангарав: Аймгийн хэмжээнд 1316 өрх хүнсний талоноос татгалзсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-05 17:09:50

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын дарга Т.Нарангаравтай ярилцаж, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг тодрууллаа.


-Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажлын үр дүнгээрээ аймаг болон улсад жил дараалан тэргүүллээ. Амжилтад хүргэсэн шинэ санал санаачилга, ажлынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага аймгийн хэмжээнд 63 ажилтан, албан хаагчтайгаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүндрэл, чирэгдэлгүй хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн ажлын амжилтаараа 2022, 2023 онд жил дараалан аймгийн “Тэргүүний агентлаг”-аар шалгарсан. Мөн 2023 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хэмжээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ болон шинэ санаачилга гарган хэрэгжүүлсэн ажлаараа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг манлайлж, улсад шилдэг байгууллага, хамт олноор шалгарсан амжилтаар 2024 оноо угтлаа.



Монгол Улсын Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг дэвшүүлж, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагаас ч үүнтэй уялдуулан бодлого шийдвэрээ гаргаж, ач холбогдол өгч ажилласан. Энэ хүрээнд манай салбар иргэдийг халамжлуулж биш хөдөлмөрлөж амьдрах үзэл хандлагад нь нөлөөлөх, ухуулга сурталчилгаа хийх, амьдралын хэв маягийг нь өөрчлөх чиглэлээр нэлээд хичээл зүтгэл гарган ажиллаж байна.


“Та хөдөлмөрлөх чадвартай хүн. Сард хэдхэн төгрөгийн хүнс үнэгүй аваад зүгээр суух биш, өөрийн боломж, нөхцөлд тааруулан хөдөлмөрлөөд илүү орлого олох боломж байна” гэдгийг хүмүүст ойлгуулж, нөлөөлж, дэмжлэг үзүүлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд 1316 өрхийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс түдгэлзүүлсэн.


Бүгд л хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасагдах дургүй байсан. “Манайх талоноосоо татгалзчихаад амьдрах боломжгүй, бидэнд ажил олдохгүй, яаж амьдар гээд байгаа юм бэ” гэж байсан. Тэгэхэд нь уулзаж ярилцаад, юу хийж хөдөлмөрлөх чадамжтайг нь тодорхойлоод, урам зориг өгөөд, мэргэжлийн сургалтад суулгаад, төсөл хөтөлбөрт хамруулсан. Идэвхтэй оролцоо, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч болох юм байна гэдгийг мэдрээд явж байгаа олон хүн бий.

Мэдээж, төрөөс халамж хүртэх, халамжлуулах ёстой зорилтот бүлэг бас байдаг. Тэр хүмүүст бид нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, нийгмийн хөгжлийн 72 төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.  


2023 онд ХХҮЕГ-аас “Аль байгууллага шинэ санаачилга гаргаж, шинэ ажил өрнүүлж иргэдэд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна, хэн ажлын байран дээрээ хөгжиж чадаж байна вэ” гэдгийг голлон анхаарч, салбарын хэмжээнд уралдаан зарласан. Энэ хүрээнд бид “Яаж хүндээ хүрч үйлчлэх, мэдээллийг яаж илүү хүртээмжтэй, оновчтой байлгах вэ” гэж ярилцаад манай залуучууд нэг “хөөрхөн” төсөл хэрэгжүүлсэн юм. Үүнийг хийхдээ “Арвайхээр ТҮГ” ОНӨҮГ-тай хамтраад “Хөдөлгөөнт мэдээллийн цаг” буюу хот дотор нийтийн тээврээр зорчигчдод хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг нь сонсох үйл ажиллагааг явуулсан. Иргэд нэг цэгээс нөгөө цэг рүү автобусаар зорчихдоо ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авч, энэ асуудлаар хаана хандах ёстойгоо мэдээд бууж байгаа юм. Ингэснээр 102 иргэн ажил хайгчаар ирж бүртгүүлэн 8 иргэн байнгын, 21 иргэн түр ажлын байраар хангагдсан. Гэртээ хүүхэд асарч байгаа 6 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулсан байна.



Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлтэй хамтран хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлгүй Өвөрхангай” гар утасны аппликэйшныг нэвтрүүлсэн. Бүх төрлийн гар утсанд суулган хэрэглэх боломжтой аппликэйшныг ашиглан иргэд ажиллаж, амьдарч байгаа орчныхоо аюул эрсдэлийг мэдээлэх юм. Аливаа эрсдэлийн мэдээллийг иргэдийн оролцоотой цуглуулж, хариу арга хэмжээ авах, эрсдэлийг бууруулах чиглэлээр манай газар координаци хийж ажиллах юм.


Тодруулбал иргэд аль нэг газраар явж байх үед траншейны таг онгойсон байдаг юмуу эсвэл техникийн аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсан, хүүхэд аюулд өртчихөөр өөр бусад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байх юм бол утсаараа зургийг нь дараад манай апп-ыг ашиглан илгээчихнэ.


Үүнийг бид татаж авч бүртгээд холбогдох газруудад нь уламжилж холбож өгөөд аюулгүй болгох, эрсдэлийг багасгах арга хэмжээг авна гэсэн үг. Энэ мэтээр үндсэн чиг үүргийнхээ ажлыг иргэдэд илүү ээлтэй, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах тал дээр олон санал санаачилгыг өрнүүлснээр аймагтаа хоёр жил дараалан, мөн улсад энэ жил тэргүүний байгууллагаар шалгарлаа. Хамт олон маань маш сайн ойлголцож, баг болж ажиллаж чадсаны үр дүн гэж харж байна.


-Манай аймагт ажлын байрны эрэлт, нийлүүлэлт хэр байна вэ?

-Мэдээж манай аймагт массын ажлын байр байхгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн баланс алдагдаад олон жил болж байна. Бид хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байгаа ажлын байрыг эзэнжүүлэх, ажил олгогч болоод ажил хайгчдыг холбон зуучлах, ажилтай болж чадахгүй байгаа хүмүүсийг өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх, богино хугацааны сургалтад хамруулан мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зэрэг олон чиглэлээр ажилладаг.



2023 онд 2500 шинэ ажлын байрыг e-job.mn буюу хөдөлмөрийн нэгдсэн системд бүртгэсэн. Үүнээс байнгын 963, түр 1068, улирлын чанартай 469 ажлын байрыг бий болгосон байна. Тайлант онд ажил хайгч иргэний хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг үнэлээд тохирох ажлын байранд зуучлах үйлчилгээг тодорхой аргачлалын хүрээнд хийж, гүйцэтгэдэг болсон. Энэ хүрээнд ажил хайж буй 1000 иргэнийг ур чадварын үнэлгээнд хамруулж, түүнээс 700 иргэнд хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1050 ажлын байрны захиалгыг хүлээн авч бүртгэн 1000 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан.

Хүмүүсийг байнгын ажлын байранд зуучлахаас гадна түр ажлын байраар ханган мод тарих, арчлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг хамруулах зохион байгуулалт хийдэг. 2023 онд мод тарих ажилд 635, нийтийг хамарсан ажилд 710 иргэнийг хамруулж ажлын хөлсийг олгосон.


-“Малжуулах хөтөлбөр” харьцангүй сайн хэрэгждэг шүү дээ. Сүүлийн жилийн байдлаар хэдэн малчин энэ хөтөлбөрт хамрагдсан бэ?

-Малчдыг малжуулах ажлыг бид жил бүр зохион байгуулдаг. 2023 онд малжуулах ажилд 19 сумаас 214 малчныг хамруулан 15100 толгой малаар малжуулсан. Дүрэм, журмын дагуу шалгуур хангасан цөөн малтай малчин өрхөд эргэн төлөх нөхцөлтэйгөөр мал худалдан авч өгч, малчдын ажлын байрыг хадгалах чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 221 иргэн төсөл ирүүлснээс 208 иргэнд 1.7 тэрбум төгрөгийн 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй зээл олгож, ажлын байр шинээр бий болгох, хадгалах, хамгаалахад чиглэсэн ажлыг хэрэгжүүллээ.



-Энэ жилийн төсөл хөтөлбөрүүдийн онцлог юу байгаа вэ?

-2024 онд бид жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийг зорилтот бүлгүүд рүү чиглүүлэн зохион байгуулна. Энэ өвөл Монгол орон даяар цагийн байдал хүндэрч, зудын гамшиг нүүрлэсэн жил болж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор малчид руу хандсан хөтөлбөрийг төлөвлөх, зудаар малаа алдсан иргэдийг малжуулах зэрэг тодорхой саналуудыг удирдах дээд байгууллагад хүргүүлээд байна.

Мөн 2023 оны эцэст мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнд тулгуурлан эрэлт, нийлүүлэлтийг удирдах, эрэлттэй байгаа мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх тал дээр аймаг орон нутгийн бодлого, төлөвлөлт хийх, ажил олгогчийг урамшуулах, дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах, хөрвөх чадвартай, үнэ цэнтэй ажил хайгчдыг зах зээлд нийлүүлэх тал дээр санаачилгатай ажиллах гэх мэт олон зүйлийг бодож төлөвлөж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Связанные новости