Улаанбаатар хот сэргээгдэх эрчим хүчний найман шинэ эх үүсвэртэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-07 17:00:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг найман байршилд 2028 онд барихаар төлөвлөөд байна.


Тодруулбал, 75 МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр нэг байршилд, 100 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц гурван байршилд, 150 МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр нэг байршилд, хог шатаах эх үүсвэр гурван байршилд барих юм. 


Мөн, 2028 онд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгааны станц, Багануурын 400 МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай. Улаанбаатар хот 2040 он хүртэл эрчим хүчний одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмж, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж, үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв.


Учир нь нийслэлийн дэд бүтцийн нөхцөл байдлыг танилцуулбал, дулааны эрчим хүчний хэрэглээ нь станцуудын суурилагдсан хүчин чадлаас 67 хувь хэтэрсэн, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, үерийн далан сувгийн шугам хоолойн 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссаныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 


Дулааны цахилгаан станц II, III, IV, “Амгалан” дулааны станц нийт 13450 гаруй барилга, байгууламжийг дулаанаар хангадаг. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогддог тул цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар нэмэгддэг аж. 

Связанные новости