“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Газар шим үйлдвэр” хүчин чадлаа хоёр дахин нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-18 16:55:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Газар шим үйлдвэр” компанид ажиллав.


Тус компани 1999 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн “Газар шим” брэндийн өргөст хэмх, салат, ногооны нухаш, компот, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэж буй үндэсний баялаг бүтээгч юм. Уг компанийн хувьд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, байр, агуулахаа өргөтгөн, түүхий эдийн нөөцөө нэмсэн байна.


Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо 10.8 сая ширхэгт хүрч, 2023 оноос 44 хувиар өссөнөөс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмжээ.


Улмаар 2025 онд борлуулалтын орлого нь 35.6 хувьд хүрч өсөхөөр байгааг компанийн захирал Ц.Ганбат ярилаа. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжиж хүүхдийн нухаш, майонез, кетчуп, амтат чили болон паста соусны таван нэр төрлийн импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэгчдийн гарт өргөн барьсан байна.


Түүнчлэн 2400 тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, гүн хөргүүр бүхий байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон бөгөөд нэг цагт зургаан тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ.

























Связанные новости