Эрүү нүүр, чих хамар хоолойн мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмч нарын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Эрүү нүүр, чих хамар хоолойн үзлэг оношилгоо эмчилгээ, шаардлагатай мэс заслуудыг орон нутагт үнэ төлбөргүй хийх юм.
ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний мэс залын тасгийн эрхлэгч Г.Аянгаар ахлуулсан 15 эмч, сувилагч Сүхбаатар аймагт 7 хоног ажиллах юм.
Сүхбаатар аймгийн хувьд эрүү нүүр, чих хамар хоолойн гажигтай хүүхдийн тоо бусад аймгуудтай харьцуулахад бага байдаг ч жилдээ нэгээс хоёр хүүхэд заавал ийм төрлийн хагалгаанд ордог байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн НЭ-ийн эрүү нүүрний их эмчийн хяналтанд байдаг 10 гаруй хүүхдийг нэн түрүүнд үзлэгт хамруулж, хагалгаанд оруулахаар болжээ. Мөн энгийн хүүхдүүдийг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
Энэхүү үзлэг нь Тайвань улсын Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгждэг “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь 2004 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жилд гурваас дөрвөн сумын 4000 гаруй хүүхдэд хүрч ажилладаг хэмээн сангийн мэргэжилтэн Шүй Чин Хуй хэллээ.
Үзлэгийн баг 10 дугаар сарын 8 буюу ирэх хагас сайн өдөр буцна.
Т. Одончимэг