СҮХБААТАР: Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-25 12:27:29

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа. Сүхбаатар аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих зорилготой уг үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ.

 

Сүүний үйлдвэр нь Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркаа түшиглэнэ. Үйлдвэрийг НҮБ-ын ХХАА-н байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн зориулалтын төхөөрөмжөөр дэмжиж, мэргэжилтэн нь угсарч албан ёсоор хариуцагчдад хүлээлгэн өглөө. Одоогоор үйлдвэр туршилтын бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн бөгөөд удахгүй тогтмол нэрийн бүтээгдэхүүн хийж, хаяг шошго, стандартын сав баглаатой болж хэрэглэгчдэд очих юм.

 

Үүний тулд, үйлдвэрт хэдэн төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, хүүхдүүдэд ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэгтэйг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт танилцуулан саналыг нь авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл үдийн цайнд Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг уг үйлдвэр хариуцах юм. Мөн цаашид ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй 6-9-р ангийн хүүхдүүдэд уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхээр зорьж байгаа гэнэ.


 

Орон нутгийн зүгээс энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг 160 сая төгрөгөөр дэмжиж байгаа бөгөөд Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймагт “Нэг хүүхдэд нэг аяга сүү хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлэх ажил ийнхүү биелэлээ олж эхэллээ.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн гол суурь нь уг үйлдвэр байх болно гэдгийг Сүхбаатар хөгжил ҮТП-ын захирал Т.Ихбаяр онцоллоо.

 

 Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй байлгах зорилгоор Сүхбаатар аймагт эрчимжсэн сүүний аж ахуй эрхэлж буй есөн хоршоог нэгтгэн Дундын хоршоо байгуулан ажиллаж байгаа. Эдгээр хоршоодын 100 гаруй гишүүн сүүгээ өдөр бүр нийлүүлж хамтран ажиллах юм.

 

Связанные новости