ОРХОН: Хоногт 10 тонн будаг үйлдвэрлэвэл Монголын будгийн зах зээлийн 50 хувийг хангах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-27 10:09:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк"-ийн дэргэдэх “Будгийн үйлдвэр” 9 өнгийн будаг болон түүний дагалдах хэрэгсэл, гадаргуу хамгаалалтын 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Энэхүү будаг нь евро стандартын усан суурьтай, үнэргүй, эко будаг гэдгээрээ онцлог бөгөөд орцонд нь 30 хувь ус, 40 хувь нь чулуу ордог учраас импортын будгаас хямд үнэтэй.


Уг үйлдвэр хэрэв хоногт 10 тонн будаг үйлдвэрлээд байвал Монголын будгийн зах зээлийн 50 хувийг хангах бүрэн боломжтой гэнэ. Одоогоор зөвхөн Орхон аймагт борлуулж байна. Цаашид Хөвсгөл, Булган, Улаанбаатар хотод борлуулах юм.


“Эрдэнэт ШУТП” Орхон аймагтаа инновац, технологи нэвтрүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор 2017 онд байгуулагдаж, 2019 онд “Будгийн үйлдвэр”-ээ нээсэн юм. Тухайн үед 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.


Гэвч дэлхий нийтэд тархсан цар тахлаас улбаалж түүхий эдийн тээвэрлэлт удааширч үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд нь саад учирсан байна. Иймд түүхий эдээ зөвхөн Европоос бус Азийн зарим улсаас авч эхэлснээр будгаа дахин үйлдвэрлэх боломж бүрджээ.


Одоогоор 20 тонн будаг, түүний дагалдах хэрэгсэл болон гадаргуу хамгаалалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 





Связанные новости