Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугамыг найман тулгуур баганатай байхаар тооцсон. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөнө. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн үйлчилгээний хоорондын уялдаа холбоог сайжруулахаар төлөвлөж байна” гэв.
Түүнчлэн дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршилд явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцоллоо.
Уг шугам 2.7 км урттай байх бөгөөд ашиглалтад орсноор, нэг талдаа цагт 3400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.