Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-18 16:48:28

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, санал, хүсэлтийг нь тусгахаар “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Иргэд хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслийг дэмжиж, сургууль, цэцэрлэг барих, анхан, дунд шатны төрийн байгууллагын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулж, хүнд суртал, татварын ачааллыг багасгах, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэйг онцолжээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ирэх онд нийслэлийн төсөвт 4,387.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа. Үүгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг багасгах, нийслэлийн холбоос замуудыг нэмж, нийтийн тээврийн салбарыг шинэчилж, авто замын түгжрэлийг багасгана. Мөн сургууль, цэцэрлэг болон өнгөрсөн онд хөрөнгө оруулсан ажлаа дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмнэ гэв.


УИХ-аар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум, зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталжээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд ирэх онд өгөх төсвийг хууль, журамд нийцүүлэн есөн дүүрэгт хуваарилан иргэдэд хэрэгцээтэй байгаа төсөл, үйл ажиллагаанд зарцуулах юм.



Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгуулах нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил, санал, хүсэлтээ ulaanbaatar.mn цахим сайтаар илэрхийлж болох ажээ. 

Связанные новости