2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 09:51:43

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. 2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.6 сая тонноор буюу 57.2 хувиар өссөн үзүүлэлт аж.  Үүнд авто тээврээр тээвэрлэсэн ачаа 87.6, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 5.2 хувиар өсжээ. Үүнийг дагаад авто тээвэр болон төмөр замын тээврийн орлого ч мөн өссөн байна. Энэ нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд голлон нөлөөлжээ.


Тодруулбал, бүх төрлийн тээврийн орлого 1.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн байна. Авто тээврээр тээвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд өсөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 97.8 хувийг эзэлжээ.


Мөн уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт төмөр замаар тээвэрлэсэн ачааны дүнд 92.3 хувийг бүрдүүлсэн байна. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд 19 сая тонн хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Связанные новости