Сурагчид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 09:37:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн 50 улсад жил бүрийн зургаадугаар сарын нэгний өдрийг 2001 оноос “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг.


Сүүний найрлагад ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим шимт нэгдэл агуулагдаж, хүний бие махбодын өсөлт хөгжилтөд шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын эх үүсвэр болдог байна.



Монгол Улс Дэлхийн сүүний өдрийг 2016 оноос уламжлал болгон 9 дэх жилдээ тэмдэглэх хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, нийслэлийн ХХААГ, Ази тивийн сүүний түншлэлийн газар, холбогдох мэргэжлийн холбоод, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, сүү бэлтгэн нийлүүлэгчид хамтран сүүний ач холбогдлыг таниулан, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэх, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангахад түлхэц болох зорилгоор олон ажил зохион байгуулдаг.

Энэ удаад ЕБС-ийн 300 орчим сурагчийг урьж, Витафит милк ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК, АПУ дэйри ХХК (Спирт бал бурам ХХК-ийн Бяслагийн үйлдвэр), Монфрэш сүү ХХК гэсэн 5 үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явцыг сонирхуулсныг ХХААХҮЯ мэдээлжээ.

Связанные новости