Замын-Үүд, Эрээний Хамтын ажиллагааны бүсийг холбосон авто, төмөр зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-07 11:48:31

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ажил өнөөдөр хоёр бүсийг холбосон авто болон төмөр зам тавих төлөвлөлтийн шатанд явж байна.

Эдийн засгийн бүсээр дамжуулан олон улсын бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын эмнэлэг, шинэ эмийн судалгаа хийх лаборатори байгуулах зэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Энэ талаар Бээжин хотноо өнгөрсөн 7 хоногт болсон Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр дахин хөндөн ярилцлаа.

Уулзалтыг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран зохион байгуулав.

 


Чуулганы үеэр Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат болон БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын Эрээн хотын орлогч дарга Шиао Жианжүн нар “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж хоёр орны бизнес эрхлэгчдийг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалав.




Нэмж мэдээлэхэд, хамтын ажиллагааны бүсийн талаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг 2021 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурал соёрхон баталж 2022 оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны бүс байгуулахыг албан ёсоор баталжээ. Уг бүс Монгол Улсын 900 га, БНХАУ-ын 903 га газар нутгийг хамарч байгаа юм.

Связанные новости