Шархад дэд төвийн 152 айлын ногоон орон сууцны барилгын ажлыг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-17 14:56:49

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилгын ажлыг Баянзүрх дүүргийн Шархад дэд төвд эхлүүллээ.


Нийслэлийг нэг төвт хотоос олон төвт болгон хөгжүүлэхээр зургаан дэд төв байгуулан, үе шаттай орон сууцжуулж байна. Ингэснээр авто замын түгжрэлийг 40 гаруй, агаарын бохирдлыг 50 орчим хувиар багасгах, иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авах, ажлын байр бий болгох юм. Энэ жил Сэлбэ, Баянхошуу, Шархад дэд төвийг орон сууцжуулж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Эко хороолол ашиглалтад орсноор тухайн бүсийн оршин суугчид хашаа, байшингаа орон сууцаар сольж, дараагийн 600 айлын газар чөлөөлөлт хийх аж.


Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулна. Үүнээс 2023-2025 онд 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барих юм. Энэ оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн. Барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул”, "Хангай Энержи" ХХК-ийн түншлэл шалгаран, бүтээн байгуулалтаа эхлүүллээ. Тус 152 айлын эко хорооллыг дөрвөн блок барилга, худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэлээ.


Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс тус хорооллын 40 хувьд нь ногоон байгууламж төлөвлөж, гадна тохижилт нь явган, дугуйтай хүн, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөл бүрдүүлжээ. Барилгад дулаан алдагдал бага, байгальд ээлтэй материал ашиглан, нарны цахилгаан үүсгүүрийг, мөн ус, цахилгааны ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах технологи нэвтрүүлсэн, эрчим хүчний хэмнэлттэй инженерийн иж бүрэн ногоон шийдэл агуулсан хороолол болохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Связанные новости