Цогцолбор нэгдүгээр сургууль Улсын Тэргүүний Сургууль боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ууган сургууль болох Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль Улсын тэргүүний сургуулиар шалгарч, батламжаа Багш нарын баярын өдөр хүлээж авлаа.
Тус сургууль нь түүхт 90 жилийнхээ хугацаанд Увс аймгийн боловсролын салбарын чанар, үзүүлэлтийг улсын хэмжээнд тодорхойлсон томоохон амжилтуудыг гаргасаар ирсэн юм.
Цогцолбор нэгдүгээр сургуулийн удирдлага, багш нар Улаанбаатар хотноо болсон Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль шалгаруулах хүндтэй арга хэмжээнд оролцож, Улсын тэргүүний сургууль гэсэн тодотголтой батламжаа гардан авч баяр хөөр, бахархал дүүрэн Увс нутагтаа буцаж ирсэн байна. Тэднийг тус сургуулийн багш, сурагчид баяр хөөр дүүрэн угтан авч сургуулийнхаа өмнөх талбайд баяраа тэмдэглэсэн юм.
“Манай сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 2300 гаруй хүүхэд суралцаж байна. Жил ирэх тусам суралцах хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа. Өнөөдөр Улсын тэргүүний сургууль гэсэн эрхэм алдрын эзэд болоход тус сургуулийн сургалтын чанараас гадна үе үеийн багш, сурагчдын мэдлэг ур чадвар, гаргасан амжилт ихээр нөлөөлсөн нь дамжиггүй” хэмээн Цогцолбор нэгдүгээр сургуулийн захирал Н.Бүрэн хэллээ.
Тус сургуулийн 90 жил ой энэ жил тохиосон бөгөөд Монгол Улсын 26 Ерөнхий сайдын гурав нь энэ сургуулийг төгссөн аж.
Увс аймаг Б.Батхүү