УВС: Он гарсаар элэг, ходоодны хорт хавдар тайрах 16 хагалгааг амжилттай хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон он гарсаар элэг, ходоодны хорт хавдар тайрах хагалгааг 16 удаа амжилттай хийсэн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэг, ходоодны хорт хавдар тайрах хагалгаа хийхэд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрмжийн дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд энэ асуудлыг өчигдөр болсон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан дээр хурлын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг хөндөж ярьсан юм.
Хавдар судлалын
үндэсний төвөөс эрхлэн гаргасан “Хорт хавдрын үзүүлэлт” номд дурдсанаар, Монгол Улсын хорт
хавдрын нийт өвчлөл 100.000 хүн амд 214.1 байгаа бол Увс аймагт энэ үзүүлэлт
293.3 байна.
Тухайлбал, ходоодны хорт хавдрын өвчлөл
Монгол Улсад дэлхийн дунджаас 4 дахин өндөр, харин Увс аймаг улсын дунджаас 2
дахин өндөр үзүүлэлттэйгээр 21 аймгаас нэгдүгээрт оржээ.
Тэрчлэн улаан хоолойн хорт хавдрын
өвчлөл Монгол Улсад дэлхийн дунджаас 3 дахин өндөр, Увс аймаг улсын дунджаас 3
дахин өндөр үзүүлэлттэйгээр мөн нэгдүгээрт жагсаж байна.
Уушигны хорт хавдрын өвчлөлөөр Увс аймаг улсын дунджаас 1.6 дахин өндөр буюу гуравдугаарт бичигджээ.
Иймээс Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхан хорт хавдрын өвчлөлийг бууруулах зорилгоор аймаг орон нутагтаа хорт хавдар тайрах мэс ажилбарыг хийдэг болоод байна.