УВС: Малын хулгайгаас урьдчилан сэргийлж хоёр чиглэлд пост ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-24 15:40:42

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хавар, намрын улиралд Увс аймагт малын хулгайн гэмт хэрэг эрс нэмэгддэгтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас хоёр чиглэлд пост байршуулж, эргүүл ажиллуулж эхлээд байна.


Тодруулбал Түргэн, Сагил, Давст болон Тариалан, Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумын чиглэлд пост гарган цагдаагийн албан хаагчид ээлжээр эргүүл хийж байна.


“Өдийд малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Мөн мал, мах худалдан авах иргэдийн тоо ч өсдөг. Иймээс бид малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр чиглэлд пост гаргаж, эргүүл хийж байна.


Иргэд, малчид мал, мах худалдахаар сум, баг хооронд тээвэрлэхдээ малын гарал үүслийн бичгийг зайлшгүй авч явах хэрэгтэй. Хэрвээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр мал, мах тээвэрлэвэл малын хулгайн гэмт хэрэгт сэжиглэн саатуулах, хянаж шалгах шаардлагатай болно. Гарал үүслийн гэрчилгээтэй бол ямар ч асуудалгүй.

Үүнээс гадна малчид мал сүргээ олон хоног хариулгагүй орхих, өөрсдөө эрж олох гэж хайгаад цаг хугацаа алддаг тал бий. Мал алга болсон бол аймгийн Цагдаагийн газарт тэр дор нь шуурхай мэдэгдэж байх хэрэгтэй байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С.Төгссайхан хэллээ. 

Связанные новости