Хятадад фермийн аж ахуйгаас зугтан дайжсан кобра могойнуудыг хайж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНБЭЭЖИН. /ВВС/. Хятадын зүүн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан могой үржүүлгийн нэгэн аж ахуйгаас зугтсан маш хортой 50 орчим тооны могойг холбогдох албаны хүмүүс эрж хайж байна.
Өнгөрсөн наймдугаар сард тус улсын Наньжин хотын могойн аж ахуйгаас 200 орчим кобра могойны зулзага зугтсан байна. Одоогоор 150 орчмыг нь барьж, устгаад байгаа аж.
Могойн зулзаганууд нь 20 орчим см урт гэнэ.
Могойн эд эрхтнийг Хятадын уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг юм.
Кобра могой нь маш хортой бөгөөд хазуулсан тохиолдолд цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол амь насанд хүрэх аюултай. Гэхдээ зулзаган могойны хор нь бие гүйцсэн могойныхыг бодвол арай сул байдаг аж.
Тус аж ахуйд анх нийтдээ 1820 ширхэг кобра могойны өндгийг авчирч байжээ.
Наньжины Люхө дүүргийн нэгэн оршин суугч энэ сард гэрт нь орж ирсэн нэг могойг олж устгаснаар аж ахуйн эзэд зулзаган могойнууд алга болсныг мэджээ. Могойн аж ахуйг хаасан гэнэ.
Хятадын аж ахуйнуудаас могой зугтсан тохиолдол нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал, өнгөрсөн сард Сычуань мужийн нэгэн аж ахуйгаас 23 кобра могойны зулзага зугтаж байв.
Г.Доржханд