ОРХОН: “Энэрэл” асрамжийн төвийн дэргэд “Энэрэл ирээдүй” сан байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 13/МОНЦАМЭ/. Эрдэнэт
үйлдвэрийн удирдлагууд Нэгдсэн Үндэстний байгууллага болон Авлигатай тэмцэх
газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Хуулийн хэлтсийн
дарга Х.Болдбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын охин компани болох “Монголиан смелтинг
корпорейшн” ХХК-ийн Лондон хотод байрлалтай орон сууцны ашиглалтын өнөөгийн
байдал болоод хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Авлигатай тэмцэх газар сүүлийн
жилүүдэд авлигын гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг
нөхөн төлүүлэх, гадаад улсад байршуулсан хөрөнгийг буцаан авах чиглэлд онцгой
анхаарч ажиллажээ.
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй
хамтран ажиллаж, Лондон хотын төвд байршилтай 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээ
бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн нь Монгол
Улсын хувьд анхны тохиолдол төдийгүй Олон Улсад зөв жишиг ажил болсныг АТГ-ын
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, ахлах комиссар
Б.Тэрбиш хэллээ.
Лондон хотын төвд байршилтай,
авлигаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаас илүүтэйгээр
түрээслүүлэх, түрээсээс олох орлогыг нийгмийн сайн сайхан, хүүхэд багачуудын
төлөө зарцуулахаар шийдвэрлэснээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан юм. Өөрөөр
хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн дэргэд 1992 онд байгуулагдсан “Энэрэл” асрамжийн төвд
“Энэрэл Ирээдүй” сан байгуулах, санд төвлөрсөн хөрөнгийг тус төвийн хүүхэд
багачуудад зориулахаар төлөвлөж байна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.