ОРХОН: Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн боловсон хүчинг бэлтгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-19 15:32:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Уралын Холбооны Их сургуульд металлургийн чиглэлээр суралцахаар шалгарсан Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудтай тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон уулзлаа.  

Өнгөрсөн онд 10 оюутан гуравдугаар дамжаанаасаа эхэлж Уралын Холбооны Их сургуульд суралцаж эхэлсэн бол энэ удаа дахин 10 оюутан сурах гэнэ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж  уул, уурхайн чиглэлээр сурах хүсэлтэй оюутнуудад эхний хоёр жил Эрдэнэт хотод, сүүлийн хоёр жилийг ОХУ-д сурах боломжийг олгож байгаа юм.

Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг хийхэд шаардлагатай боловсон хүчнээ бэлдэж байгаа юм. 

Уулзалтын үеэр, Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа. Энд ажиллах хамгийн чухал мэргэжилтэн, металлургийн анхны инженерүүд нь та бүхэн болж байна. Тиймээс цаашдын тань сурлага, хөдөлмөрт амжилт хүсье” гэсэн юм. 



Связанные новости