Мал маллахаа больж чацаргана тариалах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-13 17:42:59

   Увс аймгийн Тэс сумын малчин Ж.Жигдэн Увс нуурын хөвөөн дахь зуслан дээрээ чацаргана тариалаад 5 дахь жилдээ ургац хураан авч байна.

   Тэрбээр өнгөрсөн жил талбайгаасаа 3 тн орчим чацаргана хураан авсан бол энэ жил 5 тн болж өссөн байна. Анх түүний төрсөн ах, Увс аймгийн Тэс сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга асан Ж.Далай энэ талбайг 6 жилийн өмнө дүүдээ байгуулан өгч, 200 гаруй чацарганы суулгац суулгаж өгчээ. Тэрбээр ахынхаа байгуулж өгсөн чацарганы аж ахуйг энэ хугацаанд арчилж тордсоны ачаар 1000 малтай малчнаас хавьгүй дээр, сайхан амьдарч байна. Тэдний талбай Увс нуур луу түрж орсон элсэн бөөрөгийн төгсгөлд оршдог учраас нуураасаа чийг тунадас, хур бордоогоор хангалттай тэжээгдэж, амттайхан, болцтойхон арвин чацарганыг эзэндээ өгч, жил ирэх тусам ургацын хэмжээ нь өсч байна.

  Увс нуурын эрэг орчмоор зундаа 45 хэмийн халуун, өвөлдөө 50 хэмийн хүйтэн байдаг бөгөөд үүнд Ж.Жигдэн ажрахгүй амьдарч чацарганаа арчилж тордон ургуулсаар байна. Хүүхдүүд нь сумынхаа Ахлах сургуульд суралцдаг болохоор өвлийн улиралд тэрбээр эхнэртэйгээ хоёулханаа амьдардаг байна. Зуслангийн буурь учраас хажууханд нь айл амьтан байхгүй, азаар Улаангом явах зам ойрхон тул хааяадаа хол ойрын зочид гийчид их ирдэг байна.

   Тэрбээр чацарганаа талбай дээрээсээ 1 кг-ыг нь 2000 мянган төгрөгөөр борлуулдаг бөгөөд ихэвчлэн Улаанбаатар хотоос хүмүүс ирж тн, тн-оор нь бөөндөж авдаг аж.

   Элсэн цөлд чацаргана тариалж, энгүй их ургац авч байгаа иргэн Ж.Жигдэний байгаль орчинд болоод өөрийнхөө эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

   Ямартай ч Увс аймгийн Тэс суманд нэг малчин мал маллахаа больж, чацаргана тариалж эхлээд 6 оныг үдэж байна. Гэрийнхээ гадна саалийн хэдэн үнээ, уналгын морионоос өөр малгүй ч 200 чацарганы модтой тэрбээр хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна.

   Тэс суманд байгалийн зэрлэг чацаргана мөн ургадаг бөгөөд тослог чанар, шүүслэг байдлаарай алдартай, тун жаахан идэхэд л тагнай цоордог "гэмтэй" юм.

Увс аймаг Б.Батхүү  

 

 

Связанные новости