Б.Гиваан баатраа дурсан хүндэтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өлгий сумын Улсын тэргүүний Ахлах сургуулийн хамт олон Халх голын дайны үед эх орныхоо төлөө баатарлаг үйлс бүтээж БНМАУлсын баатар цол хүртсэн, тус сумын уугуул Бэгзийн Гиваан агсны баатар цол авсан өдрийг нь дурсан тэмдэглэлээ.
Энэ хүрээнд сумын төв талбай дахь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээс гадна байгуулсан гавьяаг нь дурсан, амьдрал үйлсийнх нь тухай сурагчддаа хичээл заасан байна.
Тус сургуулийн хамт олон энэхүү үйл ажиллагааг гурав дахь жилдээ уламжлал болгон явуулж байгаа нь энэ аж. Энэхүү үйл ажиллагаанд Гиваан баатарын төрөл садан, ахмад дайчид, бэлтгэл цэрэг албан хаагчид, сумын удирдлагууд урилгаар оролцсон байна.
“Эх орон, нутаг усаа хайрлан хамгаалж, уламжлалаа сэргээх, ахмадаа хүндлэх, баатарлаг үйлсийг нь бахархан дуурайх үзлийг сурагчддаа төлөвшүүлэхийг зорьсон” хэмээн тус сургуулийн захирал онцлон хэллээ.
Энэ үеэр тус сургуульд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Ардын урлагаасаа суралцан хөгжихүй” төслийн нээлт болж ард иргэд өргөнөөр хамрагдсан байна.
Б.Гиваан баатарын хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн “Ойрад” ХЖТ-ын гоцлол бүжигчин Б.Батзориг, МУГЖ, хөөмийч Э.Тойвгоо нар урилгаар оролцжээ.
Увс аймаг Б.Батхүү