Бог малд вакцин хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСБог малын мялзан төст өвчний эсрэг вакцин энэ сарын 13-нд Увс аймагт ирсэн бөгөөд 14-ний өдрөөс хийж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд нийт 13 сумын 2 сая 17 мянган бог малд вакцин хийхээр болжээ. Одоогоор 2200-гаад өрхийн 1 сая гаруй бог малд буюу нийт малын 50 гаруй хувьд нь вакцин хийгээд байна. ХХААХҮЯамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 23 гэхэд вакциныг хийж дуусгах аж. Вакцинжуулалтын ажил энэ хэвээр үргэлжилвэл заасан хугацаандаа дуусах боломжтой хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.
Энэ долоо хоногийн эхээр ХХААХҮ-ийн дэд сайд Увс аймагт ажиллах үеэрээ Бөхмөрөн сумыг нэмж вакцинд хамруулахаар болсон байна. Учир нь тус сумтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ногооннуур суманд мөн бог малын мялзан төст өвчин гарсан байна. Ингэснээр Увс аймгийн 14 сум вакцинд хамрагдахаар болжээ.
Өлгий сум 70, Өмнөговь сум 62,4 хувьтайгаар хамгийн өндөр үзүүлэлттэй вакцинд хамрагдаж байгаа бол Завхан сум хамгийн бага буюу 19 хувьтай байна.
Уг өвчин нь Ховд аймагтай хил залгаа оршдог Өлгий, Өмнөговь суманд гарсан юм.
Увс аймаг Б.Батхүү