ХӨВСГӨЛ: Хавдрыг эмчлэх тусламж үйлчилгээг орон нутагт цогцоор нь үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа цогцоор нь үзүүлж байна.
Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал, ХСҮТ-ийн захиргаа хамтран Хөвсгөл аймагт хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцан, хамтын гэрээ байгуулан ажилласны үр дүнд ХСҮТ-өөс эмч нар гэр бүлээрээ Хөвсгөл аймагт ирж 2021 оноос эхлэн хавдрын мэс заслыг орон нутагт амжилттай хийж эхэлсэн.
ХСҮТ-ийн хавдрын мэс заслын эмч Б.Түвшин, цээжний хөндийн мэс засалч, хавдар судлаач эмч Л.Хануй, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч О.Дамдинсүрэн, ерөнхий мэс заслын эмч Г.Гантогтох, Хөхний төвийн мэс заслын эмч Б.Одбаяр нар Хөвсгөл аймагт ажиллах хугацаандаа хавдрын 45 мэс заслыг амжилттай хийж, мэс заслын ур чадварыг нутагшуулж, хавдрын мэс заслыг цогцоор нь хийхээр зорин ажилласан нь үр дүнгээ өгчээ.
Тус ажлыг үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Т.Жамбал-Иш, Б.Төгөлдөр, Г.Чимэддорж нар орон нутагтаа бие даан ходоодны хорт хавдрын үед ходоод бүтэн авах, ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах, хэвлийн дурангаар ходоодны гарах хэсгийг тайрах, тунгалгийн булчирхай түүх, залгалт хийх, элэгний хавдрын, бөөрний хорт хавдрын, хөхний хавдрын, давсагны хорт хавдрын нийт 27 мэс заслыг амжилттай хийсэн байна.
“Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг
орон нутагт хавдрын 72 хагалгааг амжилттай хийж, хавдрын тусламж үйлчилгээг
орон нутагтаа цогцоор нь үзүүлж буй анхны
аймаг” гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Хүний гавьяат эмч Г.Оюунжаргал онцолж байлаа.