Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-12-23 16:41:31

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг Калифорнийн технологийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Энэ нь секундэд тэрбум бит мэдээлэл цуглуулдаг хүний мэдрэхүйн эрхтэн тогтолцооны мэдээлэл боловсруулах хурдаас 100 сая дахин удаан юм.


Сэтгэн бодох хурдыг хэмжихдээ унших, бичих, видео тоглоом тоглох, Рубикийн шоо эвлүүлэх зэрэг хүний ур чадварын тухай  мэдээллийн онол, өгөгдлийг ашигласан байна. Мэдрэхүйн эрхтнээс ирдэг триллион битээс тархи ердөө 10-ыг нь л ашигладаг. Энэ нь хачирхал төрүүлдэг. Энэ бүх мэдээллийг шүүхийн тулд тархи юу хийдэг вэ гэдэг нь сонирхолтой гэж судалгааг удирдан явуулсан профессор Маркус Мейстор ярилаа.


Хүний тархи 85 тэрбум мэдрэлийн эстэй бөгөөд тэдгээрийн гуравны нэг нь сэтгэн бодох үйл явцыг хариуцдаг. Хэдийгээр мэдрэлийн эс болгон секундэд 10 гаруй битийн мэдээлэл дамжуулж чаддаг боловч харин тархи дамжуулж чаддаггүй байна. Үүний шалтгаан нь хүний хувьсалтай холбоотой гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. 


Судалгааны явцад яагаад тархи нэг удаад хэд хэдэн бодлыг боловсруулахгүй зөвхөн нэг бодлыг боловсруулдаг вэ? гэсэн бас нэгэн асуулт гарч иржээ. Жишээлбэл, шатарчин нэг удаад зөвхөн нүүдлийн нэг хувилбарын талаар бодож чаддаг аж.


Судлаачдын үзэж байгаагаар энэ нь тархи хэрхэн хөгжсөнтэй холбоотой аж. Эртний хүмүүсийн бие махбодь нь хоол хүнс хайх, махчин амьтдаас хамгаалахын тулд мэдрэлийн тогтолцоог ашигладаг байв. Хүний тархи магадгүй энэ зарчмыг хэвээр хадгалж, хийсвэр ойлголтуудын орон зайд бодол санааг "навигац" болгон дараалан боловсруулдаг.


Эдгээр өгөгдөл нь тархи болон компьютерийн хооронд өндөр хурдны интерфейсийг бий болгох санааг эргэлзээтэй болгожээ. Компьютертэй шууд холбосон байсан ч тархи секундэд ердөө 10 битийн хурдтайгаар өгөгдлүүдийг дамжуулах болно.


Сэтгэн бодох энэ хурд нь бидний өвөг дээдсийн хувьсан хөгжиж байх үеийн удаан орчинд тохиромжтой гэж үзэж байна. Ихэнх тохиолдолд тархи "хүчээ гамнасан" горимд ажилладаг бөгөөд секундэд 10 битийг зөвхөн чухал нөхцөл байдалд ашигладаг гэнэ.


Связанные новости