Бондын энэ оны анхны арилжааг эхлүүлж цан цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-22 16:29:40

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааны цан цохилоо.


Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ, “Хөрөнгийн зах зээлийн 2025 оны анхны бүтээгдэхүүн гарлаа. Өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, дотоодын компаниуд бонд гаргах нь хялбар, шуурхай болохын зэрэгцээ зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн уялдаа холбоо сайжирч олон улсын жишигт нийцэх, үнэт цаасны арилжаа, клиринг, төлбөр тооцоо, төвлөрсөн, тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болсон. Тухайлбал, хадгаламжийн сертификат, хувьцааны хамтын санхүүжилт, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж холбогдох журмыг боловсруулаад, батлахад бэлэн боллоо. Ингэснээр гарааны компани, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүжилт татах боломж, хүртээмж, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэх зохицуулалтын орчин боловсронгуй болно” хэмээв.



Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэх хүрээнд үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхжиж, зах зээлийн үнэлгээ 13.02 их наяд, арилжааны дүн 1.58 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн ДНБ-д эзлэх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 18.5 хувьд хүрч өсжээ. Энэ УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, нөгөө талаар дэд бүтцийн байгууллага, хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр өгөөж гэдгийг СЗХ мэдээлжээ. 

Связанные новости