СЭЛЭНГЭ: Камержуулалтын тусламжтайгаар нийт хэргийн 8 хувь, зөрчлийн 13 хувийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-24 11:49:53

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Камержуулалтын тусламжтайгаар 2024 онд бүртгэгдсэн нийт хэргийн 8 хувь, зөрчлийн 13 хувийг илрүүлжээ.

 

Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймгийн төвд “Теле хяналтын камерын дэд төв” байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 141 хяналтын камерыг холбожээ.

 

Цаашид аймгийн хэмжээнд нэмэлтээр 92 цэгт 368 камерыг 17 сум, 6 тосгонд байршуулж, “Теле камерын хяналтын дэд төв”-д холбохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Иймээс дээрх төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ажиллах хүчний асуудлыг нэмж шийдвэрлэх талаар аймгийн Цагдаагийн газраас танилцуулав.

 

Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 600 цэгт “хяналтын камер ажиллаж байна” гэсэн анхааруулах самбар 600 ширхгийг байршуулах судалгаа гаргасан байна.

 

Одоогоор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 10 сая төгрөгөөр 400 ширхэг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 4.4 сая төгрөгөөр 200 ширхэг мэдээллийн самбарын санхүүжилтыг шийдвэрлэн байршуулаад байна.

 

Связанные новости