Б.Хандсүрэн: Аймгийн цэвэр, бохир усны үнэ тариф улсын хэмжээнд хамгийн бага байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-28 14:44:49

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Чандмань Увс” ХХК-ийн эдийн засагч Б.Хандсүрэнтэй хэрэглээний цэвэр, бохир усны үнэ өссөн талаар ярилцлаа.


-Хэрэглээний цэвэр усны үнэ нэмэх шалтгаан юу байсан бэ?

-Манай байгууллага Улаангом сумын айл өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах ажлыг хариуцан ажилладаг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан үнийн тарифыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна. Үүнд, тоолууртай айл өрхүүдийн хувьд 1 литр усыг 1 төгрөгөөр, тоолуургүй айлуудын хувьд 1.2 төгрөгөөр бодож байгаа.

Өмнө нь буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн тариф болохоор 1 литр усыг 0.84 төгрөгөөр, тоолуургүй айлуудад цэвэр, бохир усны үнийг 0.91 төгрөгөөр тооцдог байсан. Энэ нь харьцуулахад тоолууртай айл өрхүүд 19 хувиар, тоолуургүй айлууд 30 хувиар нэмэгдсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд цэвэр ус 1 литр нь 4 төгрөг байсан бол нэмэгдээд 5 төгрөг болж 25 хувиар өссөн. Харин төсөвт байгууллагуудын хувьд цэвэр, бохир ус 6 төгрөг байсан бол 7.5 төгрөг болж мөн 25 хувиар нэмэгдсэн.

Тус аймгийн цэвэр, бохир усны тариф Монгол улсын хэмжээнд хамгийн бага байж ирсэн. Жил бүр ашиглалтын зардал нэмэгдэж байгаа болохоор тариф нэмэх шаардлагатай болсон. Энэ нь цахилгааны зардал, бензин, шатахуун зэргийн үнэ өссөнтэй холбоотой.


-Цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ?

-Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манайд шинэ цэвэрлэх байгууламж барьж өгч байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орно. Хоногийн 3800м.куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Уг цэвэрлэх байгууламж нь ашиглалтад орохтой холбоотой ашиглалтын зардал, зээлийн хүүгийн төлбөр гээд манай компанийн зардал жил бүр өсөн нэмэгдэх учраас цэвэр, бохир усны үнэ тарифыг жил бүр үе шаттай нэмэхээр төлөвлөсөн.

Мөн манай ажилчдын дундаж цалин 1.4 сая байгаа. Энэ нь Монгол улсын цалингийн дунджаас доогуур, аймгийн ажилчдын дундаж цалингаас доогуур байгаа. Цаашид ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд айл өрхүүд, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд усаа хэмнэж, хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлж хэвшээрэй гэж уриалмаар байна. 

-Баярлалаа.

 

Связанные новости