Д.Оюунболд: Ном уншсанаар цэгцтэй ярихын зэрэгцээ алдаагүй зөв бичиж сурдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-01-28 17:39:47

Зуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын сангийн идэвхтэн уншигч 9 настай Даваадэмбэрэлийн Оюунболдыг энэ удаагийн ярилцлагаараа онцолж байна.


-Ямар төрлийн номыг ихэвчлэн уншдаг вэ? Уншсан номуудаас тань хамгийн их таалагдсан нь ямар ном байсан бэ?

-Түүхэн зохиолтой, комик буюу зурагт ном сонгон уншдаг. Чингис хаан зурагт номын үйл явдал нь ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдаг. Бас бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн тул илүү сонирхолтой үр өгөөжтэй санагддаг.


-Номыг хэзээнээс эхлэн шимтэн уншиж байна. Гэр бүлийнхэн нь ном их уншдаг болоход нөлөөлсөн үү?

-Анх ном унших их дургүй байсан юм. Учир нь би өөрөө 2 дугаар анги байсан тул ном унших нь төвөгтэй байсан. Харин ээж минь үргэлж Чингис хааны талаар ярьж өгч сонирхол төрүүлж байлаа. Энэ үедээ надад зурагт ном байдаг гэж зөвлөж түүнээс хойш ийм төрлийн номыг шимтэн уншдаг болсон. Эгч маань ном унших дуртай учраас тус тусдаа өөрсдийн хүссэн номоо уншиж суугаад дараа нь тэдгээр номуудынхаа талаар ярилцдаг.


-Өдөрт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ? Сэтгэлд тань хүрсэн ахин унших хүсэлтэй ном байдаг уу?

-Өдөрт 4 цаг орчим ном уншдаг. Ногун, Динза зэрэг номыг дахиж уншвал тухайн үе шигээ мэдрэмжийг дахин авах болов уу гэж боддог. Бусад уншсан номуудаа заримыг нь бараг санадаггүй.


-Үеийн найзууддаа болон дүү нартаа ямар ном уншихыг санал болгох вэ?

-Ном унших дургүй, эсвэл ном уншихаар нойр нь хүрээд байдаг бол Ногун комик цувралыг хамгийн эхний унших номоо болгоорой. Учир нь аялал зугаалгаар явж олон адал явдлыг туулдаг, сонирхолтой зурагтай, үйл явдал ихтэй, хүлээлт үүсгэж чаддаг, суралцах зүйл ч ихтэй байдаг болохоор бусад төрлийн номуудыг унших хүсэл нэмдэг.


-Хэрвээ өөрөө ном бичвэл ямар төрлийн зохиол бичих вэ?

- Зураг зурахдаа муу тул хүүрнэл маягаар түүхэн зохиол бичнэ.


-Ойрын хугацаанд уншихаар төлөвлөж байгаа ном бий юу?

-Комик ном уншихаа болино. Монголын нууц товчоог унших төлөвлөгөөтэй байна.


-Ном уншсанаар ямар давуу талтай байна вэ?

-Үгийн баялагтай болдог. Энэ нь зөв, цэгцтэй ярихаас гадна алдаагүй зөв бичихэд бас хамаатай. Ийм үгийг ингэж бичдэг гээд хараад тогтоочихсон байдаг.

-Ярилцсанд баярлалаа.  

Связанные новости