ДАРХАН-УУЛ: Бурхантын өвлийн наадам ирэх амралтын өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-29 18:03:50

Дархан2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Бурхантын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 1,2-ны өдөр зохион байгуулна.


Хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн уг наадам нь өвлийн спорт, уламжлалт баярыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

 

Энэ хүрээнд мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-2 өртөөнд, мөсөн сурын харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Дархан айс дрифт-2025” сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын уралдааныг Дархан-2 өртөөний дэргэд байрлах мөсөн талбайд зохион байгуулахаар болжээ.




Мөн мөсний загасчлалын “Дархан цом-2025” улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг дээрх өдрүүдэд Дархан сумын гуравдугаар багийн нутаг, "Түшиг-Уул" ХХК-ийн хиймэл нуурт зохион байгуулна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөсний загасчлалын аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээнийг зохион байгуулсан нь улсын аваргын сорилго болсон гэж Дарханы загасчлалын спортын холбооноос мэдээлэв.

 

Бурхантын өвлийн наадам дээрх үндсэн үйл ажиллагаанаас гадна иргэдэд зориулж монгол нохой чарга, морь унах болон агаарын бөмбөлөгт суух, халуун хоол, ундаа, худалдаа үйлчилгээг хүргэхээр төлөвлөжээ.




Связанные новости