ОРХОН: Цэрэг, эх орны сэдэвтэй ном товхимлыг хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 30/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Нийтийн номын сан 35000 гаруй номын баяжилттай.
Аймгийн хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл олгох, батлан хамгаалах салбарын түүхийг таниулах, мэдүүлэх зорилгоор Монгол цэргийн түүх, Аюулгүй байдал, Батлан хамгаалах салбар, цэрэг эх орны сэдэвтэй бүтээл бүхий түүхэн ном зохиол, зурагт хуудас бүхий нийт 30 гаруй ном товхимлыг аймгийн Номын санд хүлээлгэн өглөө.
Хүүхэд залуучуудад ирээдүйн мэргэжлээ сонгоход цэрэг, иргэний байгууллагын мэдээллийн ном товхимол ховор байсан тул Цэргийн штабаас энэ төрлийн монгол болон гадаад хэлтэй номыг гардуулж өгсөнд Нийтийн номын сангийн дарга Д.Цэнд-Аюуш талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Монгол Улсын Батлан хамгаалах салбараас 2025 оныг “Эх оронч, Монгол их сэргэлт”-ийн жил болгон зарласантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олноос уг ажлыг ийнхүү санаачлан зохион байгууллаа.