БУЛГАН: Аймгийн хэмжээнд 476 хоршоо шинээр байгуулж, 56,1 тэрбум төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-31 16:14:44

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллаж байна.

 

Энэ үеэрээ аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа.

 

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90.9 хувьтай хангасан байна.

 

Сэлэнгэ сумын Онцгой байдлын хэлтэст өндрийн гал түймэр унтраах автомашины асуудлыг шийдвэрлэлээ.


Тус суманд шинээр 23 хоршоо байгуулагдсан бөгөөд өнөөдөр 150 гаруй малчин хоршоологчидтой уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хийж буй зарим ажлын талаар санал солилцлоо.


“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ суманд 23 шинэ хоршоо байгуулж, 220 малчин хоршоонд гишүүнээр элсжээ. Мөн 56 малчин хоршоологч нийт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ. Харин Булган аймгийн хэмжээнд 476 шинэ хоршоо байгуулж, 438 малчин хоршоологч 56,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна.

 

Сэлэнгэ сумын малчин хоршоологчдын дийлэнх нь үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах үйлдвэр, цех байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, бүх төрлийн тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэр, цех байгуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Уулзалтаар малчин хоршоологчид Шинэ хоршоо хөдөлгөөн цаашид тогтвортой үргэлжлэх эсэх, нэг удаагийн олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар тодрууллаа.

 




Связанные новости