Монгол Улсад 6700 гаруй стандарт мөрдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-04 14:38:27

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2025 онд стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм. 

Манай улсад өнөөдрийн байдлаар, 6700 гаруй стандарт мөрдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрчээ.


Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.


Тэгвэл хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан байна. Түүнчлэн орон нутгийн төсвийн санхүүжилтээр 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 484 сая төгрөгийг шийдвэрлүүлж, шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.


Зөвлөгөөний нээлтэд Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлэхдээ, “2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нэг улс-нэгдсэн стандарт” хөтөлбөрийн стратегийг хэрэгжүүлэх, стандартын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, хэмжил зүйн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын ажлыг илүү мэргэжлийн болгох нь чухал байна. Хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, эм хэрэглээ стратегийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухаан дээр суурилсан нэгдсэн систем рүү шилжиж эхэлнэ. Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, бүс, орон нутгийнхаа хөгжлийг стандартын шинэ загвараар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Үүгээр ч зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Тиймээс аймаг, нийслэлд хэрэгжүүлж буй салбарын аливаа үйл ажиллагаа, төрөөс үзүүлдэг үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй”  хэмээн онцоллоо.







Связанные новости