Үндэсний их баяр наадмын агуулгад анхаарч хөтөлбөрөө гаргахыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах, төсвийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож, зарим салбар хороонд чиглэл өгчээ. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан жил бүр наадамтай холбоотой асуудлыг цагийг нь тулгаж танилцуулдаг, алдаа дутагдлыг арилгаж, баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс сайтар төлөвлөхийг салбар хороодын дарга, гишүүдэд үүрэг болгосон байна.
Мөн энэ зун
зохион байгуулах эдийн
засгийн форумд оролцох гадаад,
дотоодын өндөр түвшний зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмыг үзнэ. Тиймээс
эмх цэгц, агуулгад илүү анхаарч тэдэнд зориулсан хөтөлбөр үйл
ажиллагааг сайтар
дэглэж зохион байгуулах шаардлагатайг сануулав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог ойрын үед
дахин хуралдуулж, 2025 оны Үндэсний их баяр наадмын салбар хороодын төсөв болон
нээлт, хаалтын найруулагчийн сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар
шийдвэрлэхээр тогтсон байна.