УВС: Гавьяат багш Г.Гомбожавын хичээл зааж буй агшин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 07 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн хамт олон Увс
аймгийн 100 жилийн ойг угтан түүхэн гэрэл зургуудаа цахим орчинд байршуулж, түүх
намтрыг нь иргэдэд таниулж байна.
Зураг дээр БНМАУ-ын гавьяат багш Гойровын Гомбожав
хичээл зааж буй агшныг буулгажээ.
Тэрээр 1940 онд Увс аймгийн Давст суманд төрсөн, 1964 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн байна. 1977-1990 онд Увс аймгийн арван жилийн хоёрдугаар сургуульд физикийн багшаар ажиллаж, сурагчдын сурах сэдлийг өдөөж асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтыг туршин хэрэгжүүлж байжээ.
Мөн арга зүй, ур чадвараараа бусад багш нараа манлайлж улсын ур чадварын уралдаанд түрүүлснээс гадна 1981-1990 онд сурагч Т.Мэндсайхан, Ч.Гантулга, Н.Буянхишиг, Б.Чулуун-Эрдэнэ, Б.Цэвээнравдан, Г.Болд нарын олон шавиа улсын олимпиадад сойж амжилтын дөрөөнд хөтөлсөн ачит багш юм.
Багшлах хугацаандаа төвийн
“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүлд туршилт судалгааны 12 өгүүлэл нийтлүүлж, улсын
чанартай онол практикийн бага хуралд 13 илтгэл тавьж, онол, аргазүй, сурах
бичиг, орчуулга зэрэг 11 ном хэвлүүлсэн нь бүгд асуудал дэвшүүлэх сургалттай
холбоотой байжээ.
Г.Гомбожав багшийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр
үнэлж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 89 дүгээр
зарлигаар “Гавьяат багш” цол олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор
“Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн
бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг
төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн
нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил 3
дугаар сарын 7-13-ны өдрүүдэд уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тул Увс
аймгийн музей иргэд, хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин энэ
сарын 8-ны бямба гарагт аймгийн музей амарна.