АРХАНГАЙ: Р.Бямбаа ширээний найзтайгаа нэг өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-12 17:06:02

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хангай сумын уугуул, өдгөө 72 настай Р.Бямбаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь өнөөдөр иржээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга гардууллаа.



Р.Бямбаа төрдөө үнэлүүлж, төрийн одонгоор шагнуулсандаа туйлын баяртай байгаагаа хэлээд өөрийнх нь нэгдүгээр ангийн, нэг ширээний найз, Цахир сумын уугуул ахмад настан Д.Вандангомбо мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь зүйрлэшгүй хувь тохиол юм хэмээн баярлана.


Ахмад настан Р.Бямбаа 1962-1970 онд наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотын Барилгын техникумыг ойн техникч мэргэжлээр 1974 онд төгсжээ. Мэргэжлийн ажил олдоогүй тул Хангай сумынхаа цэцэрлэгийн эрхлэгч, номын санч, талхны эрхлэгч, буудлын эрхлэгч зэрэг албыг нэр төртэй хашиж байв.


Тэрбээр 1989 онд байгаль орчны газрын ус цаг уурын харуулын ажиглагчаар ажилд орж, долоон настай охиноо дагуулан ус цаг уурын харуулын ажиглагчаар мэргэжил дээшлүүлэн суралцсан юм. Р.Бямбаа халуун, хүйтэн гэлгүй ажлаа хийж, мэдээгээ тухай бүр өгч ажилласаар 2011 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Ажиллах хугацаандаа байгууллагын олон удаагийн аварга ажилтан болж, цаг уурын байгууллагын 80 жилийн ойд түүний бэлтгэсэн “Цаг уурын нөлөөлөл” илтгэл дэд байрт орж байв. Мөн арван жилийн судалгааг үндэслэн “Хангай сумын уур амьсгал”, Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор “65-аас дээш настай ахмадуудын түүх өгүүлэх нь” номыг тус тус гаргаж амжжээ.


Одоо тэрбээр Хангай сумын Ахмадын хорооны даргаар ажиллаж, ахмадуудын нийтлэг эрх ашгийн төлөө цаг алдалгүй хамтран ажиллаж, 2018 онд аймгийн шилдэг ахмадын хороо, 2021 онд улсын шилдэг ахмадын хороо болж байжээ.


Р.Бямбаа эцэг эхээсээ дөрвүүлээ агаад аав нь гурван настайд нь, ээж нь 13 настайд нь нас баржээ. Тийнхүү өөрийн өнчин дүү нараа асарч, эмээ Г.Балган, Б.Цэрэндолгор, ах Ё.Сүхрагчаа, бэр П.Долгорсүрэн нарынхаа ачаар амьдралд ийнхүү хөл тавьжээ.


Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 13, Алтан гадас одонгоор 73, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4 хүн энгэрээ мялаалаа.   

Связанные новости