АРХАНГАЙ: 2026 оны төсвийн орлогыг өмнөх оныхоос 19.3 хувиар нэмэгдүүлж тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-01 16:37:04

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VIII дугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 80 гаруй хувийн ирцтэй хуралдлаа. Ээлжит хурлаар 13 асуудлыг хэлэлцэн баталсан. Үүнийг нэг нь аймгийн 2026 оны төсөв байлаа.

 

2026 оны төсвийн орлого өмнөх 2025 оныхтой харьцуулахад 5,407.8 сая төгрөгөөр буюу 19.3 хувиар, харин 2025 оны аймгийн ИТХ-аар тодотгон баталсан нийт орлоготой харьцуулахад 3,380.5 сая төгрөгөөр нэмэгдэж байгаагаараа онцлог юм.

 

УИХ-аар баталсан аймгийн төсвийн нийт орлого 28,020.2 сая төгрөг дээр Төрийн аудитын газрын саналаар хадгаламжийн хүүгийн орлогыг 200.0 сая төгрөг,  ногдол ашгийн орлогыг 0.7 сая төгрөг, түрээсийн орлогыг 14.5 сая төгрөг, Байгаль орчны газрын ус ашиглагчийн шинэчилсэн бүртгэлийг үндэслэн ус ашигласны орлогыг 10.1 сая төгрөг, архивын лавлагааны орлогыг 8.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн аймгийн нийт орлогыг 28,253.5 сая төгрөг байхаар төлөвлөжээ.

 

Мөн Хувь хүний орлогын албан татварын цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор орон нутгийн нэмэгдэл олгох, 2026 онд эмч, багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын цалингийн сан, тайлагнасан ногдол, тайлангийн өрийн судалгаа зэргийг харгалзан төлөвлөсөн байна.

 

Аймгийн төсвийн зарлагын төлөвлөлтийг үр дүнд суурилсан төсвийн төсөвлөлтийн арга зүйд нийцүүлэн төсөл, хөтөлбөр арга хэмжээг удирдан зохион байгуулж, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимоор ажиллах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэл баримтлан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахаар төсвийн нийт зарлагыг 67,232.2 сая төгрөг байхаар тооцсон нь аймгийн ИТХ-аар батлагдсан юм. 



Связанные новости