АРХАНГАЙ: Шивэртийн амны дурсгал нүдэнд ил 21 буган хөшөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-13 14:28:37

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг байна. Зэрэглэл ахиулсан дурсгалд Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал багтжээ.

 

Шивэртийн амны цогцолбор дурсгал


Энэ дурсгал нь хүрэл, түрүү төмрийн үеийн буган хөшөө, түүний тахилгын цогцолбор, хиргисүүр, дөрвөлжин булш юм.

Шивэртийн амны дурсгал нь Архангай аймгийн Батцэнгэл сумаас баруун тийш 45 км-т, Цэцэрлэг хотоос хойш 45 км-т, Цац толгойгоос зүүн урагшаа 10.5 км зайд Хойд Тамирын голын урд эрэгт оршино. Энд буган хөшөө, түүний тахилгын цогцолбор, хиргисүүр, дөрвөлжин булш, түрэгийн тахилгын онгон зэрэг олон төрлийн дурсгалтай. Буган хөшөөний тахилгын цогцолбор нь 195 х 305 м хэмжээтэй талбай эзлэн орших ба нийт 30 гаруй буган хөшөө бүртгэгдсэн байдаг. Ийм том талбайтай, олон буган хөшөөтэй тахилгын цогцолбор Монголд гарын таван хуруунд багтахаар цөөн тоотой бий.



Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Хөшөөдөд нар, сар, ээмэг, зүүлт, янз бүрийн хээ чимэглэл бүхий бүс, ан амьтдаас буга, ирвэс, янгир, зэр зэвсгээс нум сум, зээтүү, чичлүүр хутга, бамбай зэргийг сийлжээ. Буган хөшөөний хамгийн жижиг хугархай нь 44 см, хамгийн өндөр нь 362 см хэмжээтэй ба цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөдийн сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан.


Дөрвөлжин булшны соёлыг тээгч нар энэхүү тахилгын цогцолборын буган хөшөө болон тахилгын байгууламжийн чулууг ашиглан өөрсдийн булшийг энд байгуулжээ. Энд одоо газрын гадарга дээр ил 21 буган хөшөө, харин үлдсэн нь шороонд булаатай хадгалагдаж байна.  


1970-аад оны дунд үеэр Монгол-Зөвлөлтийн судлаачид Шивэртийн амны дурсгалуудын ерөнхий дэвсгэр зургийг гаргаж, хэд хэдэн буган хөшөө ашиглаж хийсэн хоёр дөрвөлжин булш малтан шинжилж, газрын хөрсөн доор булагдсан нэг буган хөшөө, бас дээрээ сийлмэл зурагтай нэг хөшөөг илрүүлэн олжээ.


Шивэртийн амны дөрвөлжин булшнуудад ийнхүү буган хөшөөг булшны хана, түүний доторхи авс зэрэгт жирийн материал болгон ашигласан, мөн зам, морь хөтөлсөн хүн зэргийг дүрсэлсэн зурагтай хавтан чулуугаар авс тагласан зэрэг нь дөрвөлжин булш, буган хөшөө, зосон зураг, хадны сийлмэл зургийн он цагийг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болдог юм. Мөн үүнээс гадна хоёр буган хөшөөн дээрээс улаан зосон будгийн үлдэгдэл ажиглагдсаныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Улаан зосыг бүр эртнээс буюу хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хад чулуу, агуйн хананд ан амьтан, элдэв дүрс зурах, харин шинэ чулуун зэвсгийн үеэс оршуулгын зан үйлд ашиглах зэргээр хэрэглэж ирсэн байдаг. Буган хөшөөн дээрх зосон будгийн үлдэгдлийг булшин дахь зосны үлдэгдэлтэй адилтган зан үйлийн холбогдолтой зүйл хэмээн тайлбарладаг

 

Энэхүү дурсгалт газарт 1976, 1978 онд Монгол, Зөвлөлтийн Түүх, соёлын хамтарсан экспедицийн хүрэл, төмрийн түрүү үе судлах ангийн В.В.Волков, Д.Цэвээндорж нарын судлаачид анхны малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Связанные новости