ЗАВХАН: Музейн нээлттэй өдрүүдийн сонирхолтой хөтөлбөр нь шагайн наадгай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-14 11:21:09

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт музейн нээлттэй өдрүүд амжилттай болж 1354 иргэн музей үзжээ. "Музейн нээлттэй өдрүүд-2025” үйл ажиллагаа орон даяар 3сарын 7-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.


Завхан аймагт музейн нээлттэй өдрүүдээр "Вансэмбэрүү" уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн, "Шагайн наадгай" боловсролын хөтөлбөр, "Дээлтэй Монгол" өдөрлөг, "Өв соёлоороо аялахуй" үйл ажиллагаа, "Цагаан сар-Монгол түмний их баяр" гэсэн зорилтот таван үйл ажиллагааг зохион байгууллаа.


Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой музейн үзмэрүүдийг бүх насныхан үзэж мэдлэг ойлголтоо нэмлээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, оюутнууд гэхэд анги хамт олноороо, ахмадууд, тусгай хэрэгцээтэй иргэд гээд бүх насныхан музейн нээлттэй өдрүүдэд оролцсон байна.


Энэ жилийн үйл ажиллагааны онцлог нь аймгийн музейгээс боловсролын хөтөлбөрийг зохион байгуулсан нь бүх насныхны сонирхлыг татаж байв. Хөтөлбөрийн хүрээнд музей үзэгчдэд монголын уламжлалт үйчүүр, шагайн наадгай, оньсон тоглоомыг хэрхэн тоглох арга аргачлалаас зааж сургаж таниулсан байна.


Боловсролын хөтөлбөрт музей үзсэн иргэдийн 95 хувь нь оролцсон байна. Ялангуяа оньсон тоглоомын учрыг тайлах, сурах, аймгийн музейд хадгалагдаж буй оньсон тоглоомуудын түүхийг хүүхэд залуучууд сонирхон судалж байв.


Мөн ерөнхий боловсролын бага ангийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хамгийн дуртай хамрагдсан үйл ажиллагаа нь шагайн наадгай байсан. Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний шагайн наадгай нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өвийн нэг. Шагайн наадгай нь тусгай орон байр, анги танхим, цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч, намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм гэдгийг хүүхдүүдэд таниуллаа.


Шагайн нэршлийг хүүхдүүд сонирхож байв. Малын шагай л гэж мэдэхээс малын яг ямар газарт нь байдаг ясыг шагай гэж нэрлэдэг талаар таниуллаа. Жишээлбэл шагайг зарим нутагт шаа гэж нэрлэдэг. Шагайг бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэдэг.


Мөн шагайг буух байдлаар нь өөр өөр нэрлэдэг. Бөгтрөөрөө дээш харж унавал хонь, хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь, харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж нэрлэдэг талаар цэцэрлэгийн хүүхдүүдэд таниулсан нь тэдний сонирхлыг татаж байсан.


Ер нь уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие махбодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талтай. Тиймээс хүүхдүүдээ дэлгэцийн хамаарлаас холдуулах, уламжлалт тоглоом наадгайгаар тоглуулах. Гэр бүлээрээ монголын уламжлалт тоглоом наадгайг таниулж мэдүүлэх, хамтдаа тоглох дадлыг бий болгохыг эцэг эхчүүдэд уриалж байна гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв. 

Хүүхдүүд үндэсний хөгжмийн зэмсэг, монгол ахуйн үзмэрүүдийг сонирхож байв


Шагайн наадгай боловсролын хөтөлбөрийг цэцэрлэгүүд дээр зохион байгуулав


Связанные новости