ЗАВХАН: Морин хуурын сонгодог тоглолтыг хоёр дахь жилдээ толилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Соёлын
орон зай бидний бүтээлч аян Завхан аймагт үр дүнтэй өрнөж байна. Үүний нэг нь
морин хуурын сонгодог тоглолт юм.
"Соёл түгээе" уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа соёлын орон зай-бидний бүтээлч орчин аяны хүрээнд Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийн багш, сурагчид морин хуурын сонгодог хөгжмийн тоглолтыг Улиастайд зохион байгууллаа.
Тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн 40 гаруй суралцагч морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан С.Түмэнбаяр, Б.Өнөрсайхан, их хуурын багш Б.Амардалай, хөөмийн багш н.Лүмбэнгарав нар оролцлоо. Дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулсан шилдэг 15 бүтээлийг үзэгчдэд өргөн барьжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны хоёрдугаар сарын 1-нд морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган, өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриалсан.
Энэхүү зарлигийн хүрээнд морин хуурын VIP тоглолтыг өнгөрсөн жилээс эхлэн жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулахаар тогтжээ. Анхны тоглолтыг 70 гаруй хүн үзэж байсан бол энэ жилийн морин хуурын сонгодог тоглолтыг 80 гаруй хүн үзсэн байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан”, “Цагаан суварга”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн морин хуур хөгжимд зориулсан монгол ардын хоёр дууны найруулга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” гэхчлэн морин хуур хөгжимд зориулсан бүтээлүүдийг энэ үеэр сонсголоо.
Завхан аймагт ямар нэгэн үйл ажиллагааны нээлт, тэмдэглэлт баяр наадмыг морин хуурын аялгуугаар төсөөлшгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаагийн тод жишээ бол энэ юм. Морин хуур хөгжмийг 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн. Завхан аймаг хүүхэд залуучууддаа морин хуур хөгжмийг таниулах, уламжлуулах ажлыг бодлогоор дэмждэг. Өдгөө аймгийн хэмжээнд 4600 гаруй хүүхэд залуус морин хуур хөгжмөөр хичээллэж байна. Энэ мэтчлэн бид соёлын орон зай, бидний орчинд нөлөөллийн аяныг бүх талаар дэмжиж идэвхтэй оролцож байна хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Ташрамд Завханы хүүхэд бүр морин хуур хөгжмийг сонирхон судалдаг түүх бий. Завхан аймгийн 24 сумын 36 ерөнхий боловсролын сургууль морин хуур хөгжмийн хамтлагтай болсон. 2011 онд анх Сүхбаатарын талбайд 999 морин хуурч тоглуулсан түүх бий. Завхан аймаг морин хуур хөгжмийг хүүхэд залуучууддаа сургах, монголын өв уламжлалаас суралцуулахад бодлогоор дэмждэг. Тиймээс ч 2013 онд аймаг байгуулсны 90 жилийн ойн баяраараа 2222 морин хуурчийг цэнгэлдэх хүрээлэндээ тоглуулж байсан. 100 жилийн ойгоор мөн л морин хуурч хүүхдүүд маань наадмыг нээж тоглож байсан сайхан түүхүүд байна.
Мөн 2018 онд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд 3030 морин хуурч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн түүхтэй. “Морин хуур” хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлсний үр дүн гарч сум бүрт бүх насныхан морин хуур хөгжмийг сонирхон суралцаж, монголын уламжлалт ардын хөгжмийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй юм.

Тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн 40 гаруй суралцагч Морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан С.Түмэнбаярт Завхан аймгийн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Э.Пагмаа дурсгалын зүйл гардуулан өглөө.

Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийн сурагчид

Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийн сурагчид
Ulaanbaatar