Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Засгийн
газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт
эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод
боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар
хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын
14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын
тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг
соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно
гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани
хоорондын гэрээнүүд хийж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ.
Гашуунсухайт-Ганцмод
хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр
байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийж буй хоёр дахь холболтын
төмөр зам юм. Төмөр
зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин
нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд
хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг
хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Монгол Улсын нийт
хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого
олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж,
олон жил ярьсан татварын
реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ
хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр
замаар үе шаттай холбох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд
хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлэв.