Ж.Инфантино: Орос улс дэлхийн хөл бөмбөгт эргэн ирнэ гэдэгт найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕЛГРАД, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулснаар Орос улс дэлхийн хөл бөмбөгт эргэн ирэх нь “бидний хувьд хөгжөөн дэмжих ёстой зүйл мөн” гэж ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино хэллээ.
“Украинд энхийг тогтоох хэлэлцээ
одоо явагдаж байна, тэгэхээр бид дараагийн шатанд шилжиж, хөл бөмбөгийн тавцанд
Орос улсыг буцаан авчирч чадна гэдэгт би найдаж байна” гэж тэрбээр Белград
хотноо болж буй Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ жил тутмын их хуралд
оролцож үг хэлэхдээ мэдэгдээд “хүмүүсийг нэгтгэхийн тулд хөл бөмбөгийн спортыг ашиглах учиртай” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрбээр 2016 оноос хойш ФИФА-г
тэргүүлж байгаа бөгөөд Руанда улсын нийслэл Кигалид болсон тус холбооны 73
дугаар их хурлаас 2027 он хүртэл дахин сонгогдсон юм.
Мөн УЕФА-гийн тэргүүн Александеер
Чеферин үг хэлэхдээ, эв нэгдэлтэй байхын чухлыг онцоллоо. Тэрбээр Оросын
17 хүртэлх насны хөлбөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцуулахыг дэмжсээр ирсэн юм. А.Чеферин цааш нь хэлэхдээ “хуваагдаж сална гэдэг бол хуурмаг
үзэгдэл бөгөөд биднийг хагалан бутаргаж, захирахыг хүсэж буй хүмүүсийн зориуд
санаатайгаар хэрэглэж буй арга заль юм” гэсэн боловч чухам хэнийг дурдаж байгаагаа
хэлсэнгүй.
Оросын цэрэг Украинд халдан
довтолсны дараа ФИФА болон УЕФА 2022 оны хоёрдугаар сарын 28-нд хамтарсан мэдэгдэл гаргаж,
Оросын шигшээ багууд ба клубүүдийг тус хоёр холбооны ивээл дор болж буй тэмцээнүүдэд
оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн юм.
Үүний дараа 2023 оны 12 дугаар сард
Оросын хөл бөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөл тус холбоог Азийн хөл бөмбөгийн
холбоонд элсүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд олон улсын тэмцээнд оролцуулах
баталгааг ФИФА өгөөгүй учраас Ази руу шилжих нь оновчгүй шийдвэр хэмээн
зөвлөлийн бүх гишүүн үзжээ.