20 угсаатны хэл хуурыг үзэгчдийн хүртээл болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-14 11:37:09

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн олны хүртээл болж байна.


Монголын үндэсний музейд дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгээр соёлын биет бус өв болох нүүдэлчдийн эртний язгуур өвөг болох хөгжим хэл хуурыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж, тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг. Энэхүү үзэсгэлэнд 20 угсаатны 90 орчим аман хэл хуурыг дэглэжээ.  


Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон “Ясан хуур”-ын хувилмал загвар, эртний баатруудын “Нуман хуур”, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, ОХУ-ын Якут, Тува, Польш, Унгар зэрэг олон орны сонин содон хэл хуурыг үзэх боломжтой.


Үзэсгэлэнгийн талаар Монголын үндэсний музейн тайлбарлагч М.Мөнхнайрамдал хэлэхдээ “Үзэсгэлэнд дэлгэсэн хэл хууруудаас ясан хуурыг онцолж байна. Энэ 2017 оны хуулбар нь Хүннүгийн үед харьяалагддаг жинхэнэ ясан хуурыг дахин ашиглах боломжтой дуурайлган хийжээ. Мөн нумт хуурын үүсэл гарлыг судалбал хүннүчүүд шөнө орой бие биедээ дохио өгөхдөө нум сумаа хооронд нь цохиж чавхдасаа дуугаргаж код нэмж өгдөг байсан. Энэ нь гал унтараа, чимээгүй байгаарай гэсэн дохио юм. Сүүлд хөгжиж өөрчлөгдөөд дуу хөгжмийн зэвсэг болсон. Хулсан хуур нь хүрэл зэвсгийн үед харьяалагддаг буган чулууны хөшөөний нэг талд сийлж дүрсэлсэн. Агуулах саваа ташуур шиг харагдахаар хийсэн. Оросоос цэрэг зэвсгийн тусламж гуйхаар Д.Сүхбаатар жанжин хоёр нөхрийн хамт явахдаа Богдын албан ёсны захиаг ташууран дотроо нуусан байснаас санаа авч хийсэн. Монголд хулсан хуур дэлгэрэхэд Хятадын Торгоны замаар орж ирсэн ирсэн хулсан савтай цай нөлөөлж байв. Оросын Якутын мастер урлаачид дахин давташгүй хуурыг тухайн хүний хоолойн цар хүрээнд урладаг байжээ” хэмээн ярилаа.  


Үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.








 

 

Связанные новости