УИХ-ын гишүүд ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгож бууруулах иргэний санаачилга долоо хоногийн дотор 100 мянган хүний саналыг авчээ.
УИХ-ын тухай хуульд, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан. Иймд тус асуудлын хүрээнд УИХ-ын хэсэг гишүүд хуулийн төсөл санаачлах гэж байгаагаа мэдэгдэж, Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр8 “Санал өгсөн иргэдийн 50 хувийг 18-25, 26-30 насныхан эзэлж байгаа нь залуучууд татварын дарамтад ихээр өртөж байна. Газар зүйн байршлаар нь авч үзвэл, санал өгсөн иргэдийн 65 мянга нь Улаанбаатар хотын иргэд байгаа нь нийслэлд татварын дарамт өндөр байгааг харуулж байна.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэдийг татварын ачааллаас хөнгөлнө гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар, төсвийн зарлага асар их нэмэгдэж байна. Түүнчлэн татвар хураамжийн тоо хэмжээ жил ирэх тутам өссөөр байна.
Өөрөөр хэлбэл, манай улсын татварын бодлого төсвийн зардлыг нөхөх байдлаар хэрэгжиж байна. Татварын хэмжээг бууруулбал иргэдийн бодит орлого нэмэгдэх, сүүдрийн эдийн засаг хумигдах, ажилтан ажиллагсадын хөдөлмөрлөх идэвх сэргэх зэрэг эерэг үр дүнг дагуулна” хэмээн ярилаа.