Шилдэг өвлөн уламжлагч Г.Амирдаабазар: Үндэсний хээ угалз гэдэг жинхэнэ ардын язгуур өв юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-17 14:04:59

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улсад алдартай уянга хийцийн гэрийг өвлөж, түгээн дэлгэрүүлж, үндэсний хээ угалзыг сурталчлан таниулж яваа Г.Амирдаабазартай ярилцлаа. Тэрбээр монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй жуулчны баазад 25 ханатай гэрийг үйлдвэрлэн нийлүүлж, дэлхийн шилдэг эко баазаар шалгарахад нь гол дэмжлэгийг үзүүлсэн юм.


-Уянгын эрээн гэрийг жинхэнэ хийцээр нь урладаг ганц урлаач бол та. Хэзээнээс энэ эрдэмд суралцсан бэ?

-Аав маань Уянга сумын модны артелийн дарга, малчин, үйлдвэрийн чанарын мастер гээд бүх ажлыг хийдэг байлаа. 1970-аад онд би хүүхэд байхдаа зурах сонирхолтой байсан учраас Артелийн урчууд дээр очиж, туслагч хийдэг байсан юм. Зүлгэх, будах гадаргуугаа тэгшилж барих гээд хөнгөн ажилд нь туслахаар урчууд ах нар дуртай, цалингаа буухаар 1-3 төгрөг өгнө. Тэр үедээ их мөнгө.


1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Уянгын хүрээнд лам байсан улсууд хар болж, үйлдвэрүүдэд мужаан, будагчин, оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсны хэсэг нь Уянгын артелийг хөгжүүлж ирсэн түүхтэй. Тэнд зүгээр нэг гэрийн мод будах биш, дахин давтагдашгүй, жинхэнэ урлагийн бүтээлийг гаргадаг байсан.


Тэр үед будаг ховор байсан. Усан будаг, шороон будаг ашиглана. Улаан туйпуу цохиж, малынхаа арьс ширийг чанаж буцалгаж цавуу, усан болон шороон будгаа гаргаж авна. Олиф буюу маажинг малынхаа өөх тосноос гаргаж авдаг байсан. Модоо хээлж дуусаад олифоор өнгөлөхөд хээ угалж товойж их гоё харагддаг байлаа.

Ингэж л Уянгын артельд хүүхэд насаа үлдээж, их зүйлийг сурсан даа.



НАМАЙГ ХУВИАРАА ЮМ ХИЙДЭГ ГЭЭД АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХАР ДАНСАНД БИЧЧИХДЭГ БАЙСАН


-Та хэдэн настайгаасаа бие дааж гэрийн мод хээлсэн бэ? Хэдэн жил энэ ажлыг хийж байна?

-1987 оноос бие дааж зурж эхэлсэн. Анх 8 дугаар ангид байхдаа ахынхаа гэрийн унийг эрээлж будахад аав “Миний хүү сайн байна” гэж урамшуулаад 15 төгрөгөөр хөөрхөн малгай авч өгч байсан юм. Тэгээд урам орж, аавынхаа үйлдвэрийн ханын сониныг гаргаж өгөх, даавуун дээр лоозон бичих зэргээр тусалдаг байлаа. Тэр үед хурлын тогтоол шийдвэрийг шриптээр бичиж зурдаг байсан. Уралдааны болзлыг улаан даавуун дээр бичдэг байв. Аав маань “Уянгын эрээн гэрийн модыг үндсэн хээ угалзаар нь уламжилж, цааш нь үргэлжүүлж авч яваарай” гэж захидаг байсан юм.


Гэсэн ч хувиараа хамаагүй юм хийх хориотой болохоор хуучин авдар будаж сэргээх гэхчлэн ойр зуурын ажил нууцаар хийдэг байлаа. Баригдвал улсын орлого болгоод хураагаад авна. Намайг хувиараа юм хийдэг гээд аймгийн захиргааны хар дансанд биччихдэг байсан. 1990-ээд оноос хойш л чөлөөтэй болсон доо. Хэрэв тэгж хорьж цагдаж байгаагүйсэн бол монгол урлал дээд зэргээр хөгжих байсан. Урлалын агуу бүтээлийг монголчууд л хийдэг байлаа. Нэг ёсондоо тэр өв соёл хориотой үед бүрэн тасарсан юм.



-Таны урлаж буй гэрийг чанар, хийцийн хувьд маш сайн гэх юм билээ.  Жилд хэдэн гэр үйлдвэрлэж байна вэ?

-Манайх үндсэн дөрвөн ажилтантай, захиалга ихтэй үед нэмж хүн авдаг. Жилд иж бүрэн гэр арваадыг үйлдвэрлэнэ. Бас захиалгаар тооно, багана, хаалга гээд хэсэгчлэн гаргана. Хөвсгөлөөс гарал үүслийн бичигтэй банз авч, гэрийн модоо хийдэг. Модыг хэр сайн хадгалж, хатааснаас шалтгаалж, тухайн гэрийн эдэлгээ уртасдаг. Унийг гэхэд л зүлгэж харуулдаад замасктаж байгаад будна. Чанартай цуулбар хана хийнэ. Өнгө хээний хослол маш сайн байх хэрэгтэй.


Гэрийн мод хээлэхээс гадна үндэсний хээ угалзны үүсэл, хөгжлийн талаар судалж, хичээл заана. 1984-1988 онд Хужиртын дунд сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад Арвайхээрт 2 дугаар сургуульд ажилласан. Дараа нь аймгийн МСҮТ /одоогийн Политехникийн коллеж/-д гэр ахуй, мод чимэглэлийн багшаар 10 гаруй жил багшилсан. 2013 оноос “Чамин угалз” ХХК-ийг байгуулаад одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.



ГУРВАН МЕТР ӨНДӨР, 25 ХАНАТАЙ ИЖ БҮРЭН ГЭР УРЛАСАН


-Танд захиалга их ирдэг байх. Арай өөр, өвөрмөц гэр урлаж байв уу?

-2000 онд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Говийн гурван тэмээ” жуулчны бааз байгуулсан юм. Тэр үедээ 35 монгол гэр барина гэж намайг сураад зориод ирж байсан. Хужиртын модны үйлдвэр татан буугдаад үйлдвэрийн ажилчид сул чөлөөтэй байсан болохоор би тэднийг дуудаж, иж бүрэн 35 гэр гаргаж байлаа.


Сүүлд нь 25 ханатай гэр барьж өгсөн. Тэр бааз Монголын шилдэг жуулчны баазаар хоёр, гурав шалгараад дэлхийн 50 эко жуулчны баазын нэгээр мөн шалгарсан.


-25 ханатай гэхээр асар том гэр байх аа.

-Агуу шүү дээ. Гэрийн баруунаас зүүн хүртэл 18 метр. Давхар тоонотой, найман баганатай. Тоононы диаметр гэхэд 8 метр. Таван ханатай гэрийн шал 6.30 метр байдаг юм. Тоононы хадаг зүүдэг хорол гэхэд 1.25 метр. Орос эслэг хавтан гээд байдаг даа. 1.80 х 2.40-тэй. Тэр хавтангаар тоононы зөвхөн нэг нүдийг л бөглөсөн. Гэрийн нийт өндөр 3 метр. Тэр том гэртэйгээ залгаад таван ханатай гэр барьж бие засах газраа тохижуулсан байдаг.



-Монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд таны хувь нэмэр их байсан гэдэг. Яаж оролцож байсан бэ?

-2011 онд монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгүүлэх богино хэмжээний баримтат киног манайд хийж байсан юм. Яг технологийн дарааллаар нь хийж харуулсан. Цоолбор хийхдээ цаасан дээр зураад зүүгээр цоолж хийнэ. Ер нь бол том хурал, үзэсгэлэн зэрэгт аймгийнхаа нэр нүүр болж их оролцдог.


Ардын урлаг гэхээр дуу хөгжим л гэж бодоод байдаг. Үндэсний хээ угалз гэдэг чинь жинхэнэ ардын язгуур өв юм. 2011 онд манай аймагт ардын урлагийн бүсийн уралдаан болоход би найман талтай ширээ сандал, хэвийн боов, ууц, чихрийн тавагтай оролцоод шалгарч байсан.


2022 онд “Нүүдэлчин” дэлхийн соёлын анхны фестивальд аймгаасаа бүрэн тавилгатай гэрээ авч очиж оролцсон. 2024 онд найман ханатай гэр аваад дахин оролцсон. Энд хэлэхэд, Соёлын сайд Ч.Номинд талархах хэрэгтэй. Залуу хүн их юм хийж байна. 21 аймагт тус бүр 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүгдийг нь найман ханатай иж бүрэн гэртэй, шинэ пургонтой болгосон. Тэр үеэр бүх сумын дарга, соёлын төвийн эрхлэгчдийн чуулга уулзалтыг хийж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэх сайхан цол тэмдгийг авсан.

Хүний захиалгаар хийсэн нэг гэрээ сая ачиж яваад Архангайн бүсийн зөвлөгөөнд оролцоод ирлээ. Иж бүрэн, сайхан гэр болохоор хүмүүс сонирхож худалдаж авъя гэж байсан.



МОНГОЛ ХЭЭ УГАЛЗ БОЛ НҮҮДЭЛЧИН АХУЙГААС ҮҮДЭЛТЭЙ


-Уянга хийцийн гэрийн гол онцлог нь юу байдаг вэ?

-Ерөнхий суурь өнгө нь дулаан энергитэй хондон улаан шар байдаг. Сүүлийн үед цагаан, цэнхэр өнгөөр хийж байна. Арчилгаа муутай хүнд цайвар цагаан өнгө гурван жилийн дараа хөсрий юм шиг харагддаг.

Бас хаалгыг төмрөөр хийж байна. Манай эцэг өвгөд гүн ухаантай хүмүүс байсан. Гэрийн үндсэн бүтцэд төмөр оруулбал байгалийн янз бүрийн үзэгдлийн үеэр нөгөө төмөр чинь тэнгэрийн аянгыг татна. Тийм болохоор нүүдэлчин монгол гэр монголоороо л байх ёстой. Нүүж суухад авсаархан, аюул багатай бүтээсэн гэрийн өв соёлыг хадгалж уламжлах нь чухал.


онгол хээ угалзны онцлог шинж чанарыг ярьж өгнө үү?

-Монгол үндэстний хээ угалз таван төрөл байдаг. Геометрийн, байгалийн, ургамлын, амьтны, эд юмсын гаралтай гэж. Жишээ нь, найман тахилд энэ таван төрлийн хээ бүгд багтдаг. Загас, бадамлянхуа цэцэг гэхчлэн байгалийн гаралтай хээ, аргаль, янгирын эвэр, хамар угалзууд, загас зэрэг амьтны гаралтай хээ орж байна. Геометрийн гаралтай хээ гэвэл алхан хээ, түмэн наст гээд олон байдаг. Тэр хээ угалзыг шугам зургаар зурчихсан юм биш, дандаа  нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй.



Алган хээ гэхэд л унага, тугалын зэл шүү дээ. Зэлийн чагт гээд "т" үсэг шиг хэлбэртэй байдаг. Түүний сүүдрийг зөрүүлээд зурахаар л алган хээ болчихож байгаа юм. Тэгвэл уяа зангилаанаас өлзий хээ үүссэн. Тэгээд бүгд бэлгэдэлтэй. Алган хээ гэхэд мөнхийн хөдөлгөөнтэй, тавигдахгүй, алдагдахгүй гэх санааг илэрхийлж байдаг бол түмэн наст хээ төгсгөлгүй, мөнхийн, үүрдийн гэх бэлгэдэлтэй. Өлзий хээг тийм амархан тайлж чадахгүй. Эд баялаг, баяр баясал, урт удаан амьдрахыг бэлгэдсэн байдаг.


Бас эдгээр хээ угалзыг юу хамаагүйд тавьдаггүй. Арслан хээг хамгаалагч гэдэг бэлгэдлээр зөвхөн авдрын нүүрэнд зурдаг. Бадамлянхуа бол намгийн лаг шаварт ургадаг хэрнээ тоос шороо ариун цэцэг. Тийм болохоор бурхан тахилын эд зүйлд дээдэлж оруулдаг. Сандал дээрээ зурчихаад дээр нь суугаад байж болохгүй


Манай монголын хээ угалз олон давтагдахгүй дээ, гүн ухаан шингээсэн байдаг юм. Хээ угалзыг бас эр, эм гэж ангилна, өнгө будаг хүртэл дотроо эх, эцэг, хүү өнгө гэж байдаг. Эцэг буюу улаан, эх буюу цагаан өнгийг хооронд нь холихоор хүү буюу ягаан өнгө гарна. Гоё харагдуулахын үндсэн гол үндэс нь хээ угалзны өнгөний хослолд оршино. Нүдний ур ухаан их шаардана даа.



Хээ угалзыг хүмүүс тавьж л байна. Ихэнхдээ ямар хээ угалзыг юун дээр тавих ёстойгоо мэдэхгүй юм. Би шавь нартай. 200 гаруй шавь сургасан. Хээ угалзын гарал үүслийн талаар хичээл орж, цаасан дээр зуруулж, шалгалт авч байгаад авдар саван дээр хээ тавиулдаг.

-Танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

Связанные новости