ӨВӨРХАНГАЙ: Боловсролын салбарын 110 гаруй байгууллагыг бүрэн камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-31 15:50:08

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн боловсролын салбарын 110 гаруй байгууллагыг бүрэн камержуулаад байна. Үүнээс 40 цэцэрлэг байгууллагаа бүхэлд нь хянах камертай бол зургаа нь анги дотроо болон орох, гарах хэсгээ камержуулжээ.


Камерын бичлэгийг хадгалах хугацаа долоо хоногоос гурван сар хүртэл янз бүр байна. Боловсролын газрын даргын тушаалаар 2021 онд “Камер ашиглалтын журам”-ыг боловсруулж, үйл ажиллагааг өдөр, сар, улирал бүрд хяналт тавих, дүгнэх харилцааг зохицуулсан байдаг.


2025 он гарсаар Боловсролын газраас зөвлөн туслах ажлын хүрээнд 23 цэцэрлэгийн камерын бичлэгийг түүвэрлэж хянахад эрүүл ахуйн дэглэм алдагдсан тав, өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаа алдагдсан дөрөв, хүүхдэд гар хүрсэн гурав, бага бүлгийн хүүхдийг хувцастай унтуулсан хоёр гэхчлэн 14 зөрчил илэрснийг тухайн байгууллагад анхааруулж, зохих хариуцлагыг тооцсон байна.


Камерын хяналтаар зөвхөн алдааг олж харах бус, сайн туршлагыг илрүүлдэг. Тухайлбал, өдрийн дэглэмийн дагуу сургалт үйл ажиллагааг явуулж хэвшсэн, унтлагын цагаар үлгэр уншиж өгдөг, бүүвэйн дуу, хөгжим сонсгодог, “Гараас гарт” бүртгэл хөтөлдөг, эрүүл ахуйн дэглэм барьдаг гэхчлэн олон сайн жишээ байгааг Боловсролын газрын ахлах арга зүйч Р.Нарантуяа ярилаа. 

Связанные новости