АРХАНГАЙ: Анхдугаар Зая гэгээний хүрэл хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-21 15:22:55

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.   

Хөшөө дурсгалын нэр: Зая гэгээний дүр Лувсанпэрэнлэй

Бүтээсэн он: 2013 он. Цэцэрлэг хот.


Хөшөө, дурсгалын товч түүх: Сууринаасаа нэг метр гаруй өндөр, хүрэл цутгамал суумал энэ хөшөө бол Заяын гэгээний дүр Лувсанпэрэнлэй юм. Хөшөө Булган хайрхан уулын энгэр бэлд аймгийн музейн урд хэсэгт “Зая” цогцолборын голд оршиж байна. Монголд Зая гэгээний долоон дүр заларсан байдаг ба анхны дүр Лувсанпэрэнлэй 1642 онд тодорч байжээ. Анхны дүр нь бурхан шашны олон ном бичиж, нутаг орондоо бурхан шашныг хөгжүүлэх, ёс суртахууныг бий болгох, төлөвшүүлэх, зон олондоо айлдвар айлдах гэхчлэн гавьяатай үйлсийг бүтээжээ.


Домог: “Богд Занабазар, Манзуширын гэгээн, Заяын гэгээн Лувсанпэрэнлэй гурав шинэ хийд байгуулах газар олохоор явж байгаад Булган уулын өвөрт хоноглох болжээ. Өндөр гэгээн эрлийн үзүүр биднийг энд авчирлаа. Гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя. Хэний аяган дор өнгөт цэцэг ургаж дэлгэрсэн байх нь вэ? Тэр хүн энд буян дэлгэрүүлэх хийдээ баръя гэхэд нь нөгөө хоёр нь зөвшөөрчээ. Үүр цайхын үед Зая гэгээн сэрээд нөгөө хоёр нь дуг нойрондоо дарагдан унтаж байхаар нь хэний аяган дор цэцэг ургаа бол хэмээн сэтгэл догдлон сөхөж үзэхээр гэтсэнийг унтсан дүртэй хэвтэж байсан өндөр гэгээн мэджээ. Нөгөө хоёр босоод гурвуул аягаа сөхөж, өндөр гэгээн “Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоороо азтай ч байна, адтай ч байх шив дээ. Энэ газар чиний нутаг боллоо.Түмэн олон шавьтай болж, буян заяа чинь дэлгэрч явах болтугай гэж ерөөгөөд явсан гэдэг домог бий.


Ийнхүү Зая гэгээн Булган уулын өвөр Чонотын хөндийд хийдээ байгуулсан бөгөөд эдүгээ тус хийдэд аймгийн Музей үйл ажиллагаа  явуулж байна. 

Связанные новости