АРХАНГАЙ: Таван хаан бурхны танка

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-27 12:49:04

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бурхан шашны холбогдолтой сонирхолтой үзмэрүүд бүрдүүлдэг.


Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.


Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Таван хаан бурхны танкаг танилцуулъя.


Энэхүү танкаг зотон, шороон будгаар бүтээсэн, 52х51,5 см хэмжээтэй бүтээл юм.


Таван хаан нь хэрцгий догшин, нутгийн савдаг байсныг ловон Бадамжунай Төвөдөд ирж номхотгон шашныг хамгаалан сахисан Чойжин болгож хувиргасан гэдэг. Төвөдөөр дамжин Монголд дэлгэрсэн сахиус юм. Таван хаан нь ертөнцийн дүрээр заларсан байдаг.


Үйлсийн хаан Прэнлэй жалбуу хөх, цагаан, улаан нүүртэй, тэргүүндээ цан малгайтай, баруун гурван мутартаа сүх, сэлэм, сум, зүүн гурван мутартаа хутга, нум, бэрээ барьж, лагшиндаа хүний арьсан нөмрөг, барын арьсан хормогч соёрхжээ.


Тэрээр бадарсан улаан галын өмнө бадам цэцгийн мандал дээр хилэнт дүрээр, арслан хөлөглөн оршино. Түүний баруун дээр нь Тааллын хаан Түгжи жалбуу, зүүн дээр нь Лагшин хаан Гүеийн жалбуу, зүүн доор Зарлигийн хаан Сүнги жалбуу, баруун доор нь Эрдмийн хаан Ёндон жалбууг дүрсэлсэн энэхүү шүтээн Архангайн музейд хадгалагдаж байна.  

Связанные новости