АРХАНГАЙ: Замын хөдөлгөөний цагаан толгойд 180 хүүхэд суралцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Замын хөдөлгөөний цагаан толгой-2025” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр өнөөдөр зохион байгууллаа.
Уг тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, мэдлэг олгох, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Тэмцээнд сургуулийн өмнөх боловсрол олгодог аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 13 цэцэрлэг, Булган, Ихтамир, Чулуут, Өлзийт, Эрдэнэмандал сумын 5 цэцэрлэг гээд нийт 18 цэцэрлэгийн 180 хүүхэд, 36 багш, сурган хүмүүжүүлэгч, 72 эцэг эх, асран хамгаалагчийг хамруулжээ.
Мөн тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн ойр орчинд замын хөдөлгөөний эрсдэлийн үнэлгээг алба хаагчид хийж дүгнэн, тэмцээний гэрийн даалгаварт өгөгдсөн зүйлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалган үнэлгээ өгч, багуудын бэлдсэн мэндчилгээг үзэх, “Хамтдаа” тэмцээнийг эцэг эх, асран хамгаалагчийн дунд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тухай тест ажиллуулах, багийн ахлагч нарын дунд биет зохицуулалт хийлгэн дүгнэх, оролцогч багуудын дунд буухиа тэмцээнийг зохион явуулсан байна.
1-р байрт 8-р цэцэрлэгийн “Сонор” баг,
2-р байрт 10-р цэцэрлэгийн “Цагаан шугам” баг,
3-р байрт 15-р цэцэрлэгийн “Золбоо” баг,
Тусгай байрт 2-р цэцэрлэгийн “Сонор” баг, Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн “Шувуухай” багууд орлоо.
Шилдэг багшаар 8-р цэцэрлэгийн Э.Үүрийнтуяа, шилдэг зохицуулагчаар 14-р цэцэрлэгийн А.Чинбаатар нар тус тус шалгарсан юм.