ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппарат суурилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасагт эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн дэвшилтэт технологийн соронзон үелзүүрт томограф шинжилгээний аппарат суурилуулав.
Мөн тус тасгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байна.
Энэхүү аппарат нь 1.5 тесла буюу хүчин чадалтай мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи юм.
Уг аппарат нь радиус томтой тул 180 кг хүртэлх жин ихтэй үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтой бөгөөд спортын
гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг
цогцоор нь авах нөхцөл бүрджээ.
Энэхүү MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “Siemens healthineers” брэндийн албан ёсны “Setunari” компанийн монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна. Ийнхүү ГССҮТ-ийн дүрслэл оношилгоо шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, үйлчлүүлэгч нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломж бүрдэх аж.