Батарей хуримтлуурын станц төвийн системд 28.7 сая кВт.ц эрчим хүч нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 08:21:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны 12 дугаар сараас эхлэн таван сарын хугацаанд төвийн бүсийн нэгдсэн системд 28.7 сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлжээ.


Тус станц Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг айлын хэрэглээ 2 кВт гээд бодвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр хангана гэсэн үг аж. 



Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх ярихдаа, “Манай станц шөнө, хэрэглээ бага үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлж, эрчим хүчний чадлын тохируулгад оролцдог онцлогтой. Монгол Улсад батарей хуримтлуурын станц шинэлэг бас үр ашигтай. Техникийн нөхцөлөө шийдсэн байхад барих үйл явц хурдан. Оргил болон бага ачааллын хооронд гардаг 300-400 МВт эрчим хүчний зөрүүг хуримтлуулж ашиглах боломжтой. Бид засвар, үйлчилгээг бие даан хариуцаж, шинэ станцын үр шим, туршлагаа үлдээгээд, инженер, ажилчдаа ч өөрсдөө бэлтгэдэг” гэжээ.


Батарей хуримтлуурын станц энэ сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж байна.

Связанные новости